Хөдөө орон нутагт хүүхэд хамгааллын ажлыг сайжруулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-05-14 10:42:55

Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 14 /МОНЦАМЭ/.  2018-2025 онд Замын-Үүд, Сайншанд сумын түр хамгаалах байр 190 хүүхдэд үйлчилгээ үзүүлжээ.


Хүүхэд хамгааллын тухай хуулиар энэ оны нэгдүгээр сарын 1-нээс сум, хороо бүрд хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтан ажиллах эрх зүйн зохицуулалттай болсон. Энэ талааар Дорноговь аймгийн Хүүхэд гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын дарга Ш.Алимаа ярихдаа, "Манай аймаг 14 сумтай, сум бүрд нийгмийн ажилтан ажиллаж байна. Мөн нийгмийн ажилтнууд ажиллаж эхэлснээр хүүхэд бүрд хүрч, хүүхдүүдийн дуу хоолойг сонсогч, дамжуулагч, уламжлагч, газар дээр нь асуудлыг шийдэгч байх сайн талтай юм. Аймгийн хэмжээнд тулгамдаж буй асуудал нь хүний нөөцийн хувьд бүтэц орон тоо өөрчлөгдсөн боловч албан тушаалын тодорхойлолт батлагдаагүй тул бодлогын мэргэжилтнүүдийн орон тоо дутуу байгаа” гэлээ.


Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан Дорноговь аймгийн Хүүхэд гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын үйл ажиллагаатай танилцлаа. Энэ үеэр хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хамгааллын газрын ажилтан албан хаагчид түрээсийн байранд үйл ажиллагаа явуулдаг, хүүхэд хамгааллын чиглэлээр тусламжийн дуудлагаар ажиллах хамгаалах үйлчилгээ үзүүлэх автомашин байхгүй, сум, баг бүрд шинээр томилогдсон нийгмийн ажилтнуудыг техник тоног төхөөрөмжөөр хангах шаардлага байгаа талаар саналаа хэлжээ. Мөн хүүхэд хамгааллын ажил чухал ч үүнтэй зэрэгцээд хүүхдээ хөгжүүлэх ажлыг орхиж болохгүй юм. Мөн салбар дундын уялдаа холбоог сайжруулж орон нутагт гэр бүл, нийгмийн хамгааллын салбарын үйл ажиллагаа явуулж буй газрууд нэгдсэн бодлогоор хамтран ажиллах нь  үр дүнтэй гэдгийг тодотгов. 


Хүүхэд гэр бүлийн хөгжил, хамгааллын газар хоёр жилд нэг удаа “Хүүхдийн чуулган” зохион байгуулж 14 сум тус бүрд хүүхдийн элч томилон хүүхдүүдээс гарсан санал санаачилгыг төрд хүргэх гүүр болж ажилладаг сайн жишиг тогтсон гэдгийг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам мэдээлэв.

Холбоотой мэдээ