Өнгөрсөн хугацаанд форумын үр дүнд “Эрдэнэт” Шинжлэх ухаан, технологийн паркийн үйл ажиллагаа, шинээр барих орон сууцны хорооллуудын инженерийн шугам сүлжээ, Эрдэнэт хотын гамшигт тэсвэртэй байдал төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Мөн 2021 онд зохион байгуулсан эдийн засгийн форумын үр дүнд “Эрдэнэт ШУТП”-аар дамжуулан гарааны 110 бизнест 800 гаруй сая төгрөгийн хүүгүй, барьцаагүй зээл олгожээ. 2025 онд буюу өнгөрсөн долоо хоногт зохион байгуулсан эдийн засгийн форумаар АШУҮИС-ийн Био анагаахын хүрээлэн, ХААИС, ШУТИС-тай шинжлэх ухаанд суурилсан техник технологи нэвтрүүлэх, хүний нөөц бэлтгэх, хамтарсан судалгаа, эрдэм шинжилгээний бүтээл хийх, төсөл хэрэгжүүлэх чиглэлд 2028 он хүртэл хамтран ажиллах гэрээ байгуулсан байна.
БНСУ-ын Дэгү Хани их сургуультай боловсон хүчин бэлтгэх, НҮБ-ын Хүүхдийн сантай шинэчлэн байгуулж буй санамж бичгийн хүрээнд агаарын бохирдол, цэвэр усны хангамжийг сайжруулах, нийгмийн салбарын байгууллагын үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, шинэ технологи нэвтрүүлж гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийг дэмжих чиглэлээр тус тус хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
Мөн мэдээллийн цагаар Эрдэнэт хотын захирагчийн орлогч Б.Мөнхдалай Орхон аймгийн хаягжуулалт, гудамж талбайн нэршлийн талаар мэдээлэл өглөө. Өнөөдрийн байдлаар Орхон аймагт ИТХ-аар баталсан таван талбай, 42 гудамж албан ёсны нэртэй байгаа бол цаашид шинээр нэр өгөх шаардлагатай 65 гудамж байгаа юм.
Орхон аймгийн 2025 оны худалдан авах ажиллагааны төлөвлөгөөнд 125.4 тэрбум төгрөгийн 258 төсөл арга хэмжээг төлөвлөснөөс 225 төсөл, арга хэмжээний худалдан авах, сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулж, 87.2 хувийн биелэлттэй байгаа зэрэг мэдээллийг төлөөлөгч нарт хүргэлээ.
