Цэргийн албан хаагчид нэг удаагийн тэтгэмжээ өмнөх жишгээрээ авна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2016-11-03 17:50:45

УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойшхи хуралдаанаар Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Засгийн газарт буцаахаар болов.

Ирэх оны улсын төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт Засгийн газраас өргөн мэдүүлсэн дээрх хуулийн төсөлд тэтгэмжийг үндсэн цалингийнх нь дунджаар тооцож олгодог байхаар тусгажээ. Ингэснээр батлан хамгаалах, хилийн цэрэг, тагнуул, онцгой байдлын зэрэг төрийн тусгай албан хаагчдын тэтгэвэрт гарахдаа авдаг тэтгэмжийн хэмжээ өмнөхөөс 46-48.5 хувиар буурахаар туссан байв.

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороогоор уг асуудлыг хэлэлцэх үед байнгын хорооны дарга Ж.Энхбаяр төрд тангараг өргөж үүрэг хүлээн, түүнийхээ төлөө олон эрхээ хязгаарлуулж байгаа эдгээр хүмүүсийг төрийн бусад албан хаагчидтай адилтгаж үзэж болохгүй. Салбарын төсөв багасч байгаа, цалин тэтгэврийг нь нэмж чадахгүй байгаа, гэхдээ хасч болохгүй. Энэ нь эцэстээ албандаа итгэх итгэлийг сулруулах, төрийн тусгай албадын хэвийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх үр дагавартай хэмээн сануулж байсан. Байнгын хороо хуулийн төслийг буцаах зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулахад байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 81.8 хувь нь дэмжиж байжээ.

Ингэснээр цэргийн албан хаагчдыг тэтгэвэрт гарах үед нэг удаагийн тэтгэмжийг нийт цалин хөлснийх нь дунджаар тооцож олгох асуудал чуулганаас дэмжлэг авч байна.

Б.Туул

Холбоотой мэдээ