BYD компанийн борлуулалт Теслагийнхаас давжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2025-05-23 12:35:51

НЬЮ-ЙОРК, 2025 оны тавдугаар сарын 23 /Forbes/. Хятадын BYD компани Европын зах зээл дээр шинэ цахилгаан автомашины борлуулалтаар анх удаа АНУ-ын Tesla-г давсан талаар Bloomberg агентлаг Jato Dynamics-ийн шинжээчдийн мэдээллийг эш татан бичжээ. 


BYD компани энэ оны дөрөвдүгээр сард Европт 7 231 шинэ цахилгаан машин борлуулсан нь өмнөх оны мөн үеийнхээс 169 хувиар өссөн үзүүлэлт юм. Харин “Tesla”-гийн борлуулалт өмнөх оныхоос 49 хувиар буурч 7165 ширхэг болжээ. 


Улмаар BYD компани дөрөвдүгээр сарын байдлаар Европт хамгийн их борлуулалттай цахилгаан авто машины брэндүүдийн жагсаалтын эхний 10-т багтсан бол уг жагсаалтыг олон жилийн турш тэргүүлж байсан Tesla 11 дүгээрт бичигдсэн байна. 


"Хоёр компанийн сарын борлуулалтын зөрүү бага байгаа ч гэсэн үзүүлэх нөлөө нь асар их. Ялангуяа Tesla олон жил дараалан тэргүүлж ирснийг бодолцвол энэ бол Европын цахилгаан авто машины зах зээлд эргэлт авчирсан үйл явдал юм" хэмээн Jato Dynamics-ийн шинжээч Фелипе Муньос хэлжээ. 


Дөрөвдүгээр сард Европт хамгийн их борлуулалттай цахилгаан авто машинуудын эхний аравт Европын долоо, Өмнөд Солонгосын хоёр, Хятадын нэг брэнд багтжээ. Харин эхний гуравт Volkswagen (23 514) BMW (14 867), Skoda (13 598) орсон байна.


Европын цахилгаан авто машины зах зээл хурдацтай тэлж байгаа бол Tesla-гийн борлуулалт буурсан хэвээр байна. Салбарын хэмжээнд нийт борлуулалт 28 хувиар өссөн бол Skoda компанийн борлуулалт 214 хувиар огцом нэмэгджээ.


BYD компани Европын зах зээлд бүрэн цахилгаан хэтчбэк загварын Dolphin Sur” машинаа 23 мянган еврогоос доош үнээр худалдаалах замаар үйлдвэрлэлээ өргөтгөхөөр төлөвлөж байна.

Холбоотой мэдээ