УВС: “Ээж шүтээн” хөшөө цогцолборыг сэргээн засварлалаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Улаангом, 2025 оны зургаадугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Улаангом сумын урд талд Чандмань улаан уулын бэлд босгосон “Ээж шүтээн” хөшөө цогцолбор нь аймгийн төвийнхний очих дуртай газрын нэг юм. Увс аймгийн түүхт 100 жилийн ойг угтаж тус хөшөө цогцолборыг сэргээн засварлаад байна.
Энэхүү хүрэл хөшөөг Улаангом сумын ИТХ-ын санаачилгаар уран барималч Ө.Хүдрээ, Ө.Батсайхан, Б.Батнасан нар хамтран урласан бөгөөд 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр босгосон.
Хэдийгээр тус хөшөөг Чандмань улаан уулын бэлд босгоод удаагүй ч сүсэгтэн олон цай, сүүнийхээ дээжийг байнга өргөж байдаг тул халтардаж, бохирдон өнгөө алдаад байсныг сэргээн засварлаад байна. Хөшөөний дэргэд "Эхийн алдар" 1, 2 дугаар зэргийн одонг мөн дүрсэлсэн байдаг.