М.Нандин-Эрдэнэ “ROAD FC” холбооны аваргын бүсний төлөө тулалдана
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Солонгосын "ROAD FC" холбоонд хамгийн олон буюу 24 тулаан хийсэн М.Нандин-Эрдэнэ аваргын бүсний төлөө тулалдах гэж байна.
Тэрбээр энэ сарын 28-нд 25 дахь тулаанаа хийх бөгөөд өмнөх 24 тулаандаа 23 ялж, нэг ялагдсан. Мэргэжлийн боксын ертөнцөд “Төмөр нударга” хэмээх хочтой тэрбээр 23 тулаандаа бүгдэд нь өрсөлдөгчөө хүнд цохилтоор ялсан юм.
Солонгосын Сөүл хотын “Сөүл Жанчүн арена”-д замналынхаа хамгийн оргил тулааныг хийх М.Нандин-Эрдэнийн өрсөлдөгч нь Оросын Дагестаны тамирчин Камил Магамедов юм. “Gubeun ROAD FC 073” тэмцээний сүүлийн шатанд ялсан тулаанч нь холбооны аваргын бүсийг авч, 100 сая воны шагнал хүртэх юм. Хамгийн сүүлд М.Нандин-Эрдэнэ хоёр сарын өмнө анх удаа эх орондоо тулаан хийхдээ өрсөлдөгчөө хүнд цохилтоор буулган авсан билээ.
Ташрамд дурдахад, Солонгосын “Teolbone Liquid Factory” компани М.Нандин-Эрдэнийн бэлтгэлийг ивээн тэтгэхээр болж, түүнд зориулан гэрийнх нь ойролцоо заал байгуулж өгөхөөр амласан байна.