БУЛГАН: “Нэг сум-Нэг хот” хамтын ажиллагаа эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган, 2025 оны зургаадугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг даргын "Булганы сэргэлт" үйл ажиллагааны хөтөлбөрт туссан БНСУ-тай “Нэг сум-Нэг хот” хамтын ажиллагаа тогтоох зорилтын хүрээнд Асан хотын дарга, Иргэдийн хурлын дарга нартай уулзаж санал солилцож, тус хоттой эрүүл мэнд, боловсрол, хөдөө аж ахуй, технологийн чиглэлээр хамтран ажиллахаар болжээ.
Асан хотын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 17 төлөөлөгч тус аймгийн 17 сумтай хамтран ажиллахаар боллоо.
Мөн Чүмчоннамбу мужийн даргатай уулзаж тус мужийн хотуудтай Булган аймгийн сум нэг бүрийг холбон хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Тус мужийн ухаалаг хүлэмжийн аж ахуйд дадлагажигч бэлтгэх, улирлын гэрээт ажилтан ажиллуулахаар тохирч 300 ажилтан авах гэрээ байгуулсан байна.
Асан хотын Хөдөө аж ахуйн технологийн төвтэй тогтоосон хамтын ажиллагааны хүрээнд аймгийн Политекник коллежийн дэд бүтцэд тулгуурласан 4 улирлын ухаалаг хүлэмжийг орон нутагтаа нэвтрүүлж, салбарын хүний нөөцийн сургалтыг тус төвд бэлтгэхээр боллоо.
Аймгийн Засаг даргаар ахлуулсан ажлын баг БНСУ-тай “Нэг сум-Нэг хот” хамтын ажиллагаа тогтоож, дээрх ажлуудын гэрээ, санамж бичиг, зөвлөлдөх уулзалтуудыг зохион байгуулаад 2025 оны зургаадугаар сарын 23-нд ирж цааш хэрэгжүүлэх ажилдаа орлоо.