Маршалын гүүрнээс Цэнтрал тауэрын уулзвар хүртэлх явган хүний зам засварын ажил наймдугаар сард дуусна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотын гол гудамж, замуудын эвдэрч, элэгдсэн, чанарын шаардлага хангахгүй болсон явган хүний замыг шинэчлэх ажил үргэлжилж байна. Маршалын гүүрнээс Цэнтрал тауэрын уулзвар хүртэлх явган хүний замыг шинэчилж буй.
Энэ талаар Нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр ярихдаа, “Нийслэлийн хэмжээнд явган хүний замыг зориулалтын, халтирдаггүй байгалийн чулуугаар шинэчлэх ажил үргэлжилж байна. Барзгар гадаргуутай, 30х60 см хэмжээтэй байгалийн чулууг ашиглаж байна. Маршалын гүүрнээс Цэнтрал тауэр хүртэлх явган хүний замын засвар, шинэчлэлтийн гүйцэтгэгч компаниар “Эс Эл Сити” компани ажиллаж байгаа бөгөөд ажлын явц 30 хувьтай байна” гэв.
Харин "Эс Эл Сити" компанийн ерөнхий инженер С.Шижирбаатар, “Нийт 9450 ам дөрвөлжин метр талбай бүхий явган хүний замыг шинэчилнэ. Өнөөдрийн байдлаар 2500 орчим ам дөрвөлжин метр замыг шинэчлээд байна. Тавдугаар сарын 29-ний өдрөөс эхлэн хуучин замыг хуулж, байгалийн чулуугаар солих ажил эхэлсэн. Өнөөдрийн байдлаар 15 хүн таван техниктэй ажиллаж, буулгах ажлыг шөнийн цагаар гүйцэтгэж, далан суурь болон хавтан цохих ажлыг өдрийн цагаар хийж байна” гэв.
Уг хэсгийн явган хүний замын ажлыг наймдугаар сард дуусгахаар төлөвлөжээ.