Эрүүл ахуй, ариун цэврийн хэрэглэгдэхүүн цуглуулах хандивын аян эхэлжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬДундговь аймгийн Улаан загалмай хороо “Хандивын сар” аяныг өчигдрөөс эхлэн зарлажээ. Бүтэн сарын турш үргэлжлэх хандивын аянд нэгдсэн хэн бүхэн ариун цэвэр, эрүүл ахуйн өдөр тутмын хэрэглэлүүдийг сэтгэлийн өглөг болгох юм байна.
Тодруулбал, амны хаалт, нэг удаагийн бээлий, нойтон, хуурай салфетка, төрөл бүрийн памперс, гарын алчуур, саван, ариун цэврийн цаас зэрэг өдөр тутамд хэрэглэгддэг зүйлсийг хандивлах ажээ.
МУЗН, Британийн УЗН-ийн дэмжлэгтэйгээр Дундговь аймгийн УЗХ “Нийгмийн халамж үйлчилгээг нэн эмзэг бүлгийн хүмүүст хүргэх нь” төслийг Сайнцагаан суманд энэ оны эхнээс хэрэгжүүлж эхэлсэн байна. Төслийн хүрээнд асрах хүнгүй ганц бие ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хүүхэд,өрх толгойлсон эцэг, эх гээд эмзэг бүлгийн 240 иргэнд Улаан загалмайн сайн дурын 80 идэвхитэн сэтгэл зүйн дэмжлэг, асарга сувилгаа үзүүлдэг болжээ.
Өнгөрөгч сард зохион байгуулсан “Төр, Улаан загалмайн хамтын ажиллагаа ба сайн дурын идэвхтэний оролцоо” сэдэвт хэлэлцүүлгийн үеэр өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд асаргаа сувилгаа үзүүлэхэд памперс, ариун цэврийн цааснаас эхлээд дутагдах зүйл олон байгааг сайн дурын идэвхтнүүд хэлсэн байна. Энэ нь тэдний хөдөлмөрийн нөхцлийг хүндрүүлдэгээс гадна асруулж байгаа хүний эрүүл ахуйн байдал алдагдахад хүрдэг ажээ.
Энэ асуудлаас үүдэн дээрх хандивын аяныг аймгийн хэмжээнд бүтэн сарын хугацаанд өрнүүлж, хүмүүнлэгийн үйлсэд сэтгэл хандуулдаг хэн бүхнийг нэгдэхийг уриалсан байна.
Т. Отгонтуяа