УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан "Хууль бүтээх ажиллагаа, хууль зүйн техник" номын нээлт хийв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2016-11-10 10:19:33

УИХ-ын гишүүн, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор, Монгол Улсын гавьяат хуульч Д.Лүндээжанцангийн “Хууль бүтээх ажиллагаа ба хууль зүйн техник” номын нээлт болов.

Шинэ бүтээлийн нээлтэд өчигдөр УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд, УИХ-ын гишүүн Я.Содбаатар, Г.Занданшатар, Д.Тогтохсүрэн, Н.Учрал, Х.Нямбаатар, ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон, ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан болон хууль зүйн салбарын эрдэмтэн судлаачид, профессор, багш нарын төлөөлөл оролцсон юм.

Хууль зүйн шинжлэх ухааны доктор Д.Лүндээжанцан Монголын төр ёс, хууль цааз, Үндсэн хуулийн эрх зүйтэй холбоотой эрдэм шинжилгээ, судалгааны 30 гаруй ном, сурах бичгийг дангаараа болон хамтран бүтээж хэвлүүлж байсан юм. “Монгол Улс дахь төрийн эрх мэдлийн хуваарилалт” номоороо Монгол Улсын гавьяат хуульч, хөдөлмөрийн баатар Бяраагийн Чимидийн нэрэмжит “Монгол Улсын Их Хурлын шагнал”-ын анхны эзэн болж байв. 

Уншигч түмэндээ шинээр өргөн барьж буй “Хууль бүтээх ажиллагаа ба хууль зүйн техник” ном нь түүний 38 дахь бүтээл бөгөөл хууль санаачлах, хэлэлцэж батлах, баталгаажуулах, хэвлэн нийтлэх үеийн техник, хууль тогтоомжийг системчлэх, тайлбарлах, эрх зүйг рецепцлэх болон хууль хэрэглэх техникийн асуудлыг багтаасан нийт 7 бүлэг, 17 зүйл бүхий 330 хуудастай аж.

Энэхүү бүтээл нь Монгол Улсад хууль тогтоох үйл ажиллагааны шинжлэх ухааны үндэслэлийг сайжруулах, хууль тогтоомж тогтвортой, хийдэл, зөрчилгүй байхад гол гарын авлага, арга зүйн үндэслэл болж байгаагаараа практик ач холбогдолтой юм байна.

Н.Туяа

Холбоотой мэдээ