Ховд аймаг Новосибирскт төмс экспортлохоор боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2016-11-10 10:21:36

ОХУ-ын Новосибирск муж Ховд аймгаас төмс экспортлож, бага оврын нефть боловсруулах үйлдвэр хамтран байгуулахаар тохирлоо.

ОХУ-ын Новосибирск мужийн Новосибирск хотод энэ оны 10 дугаар сарын 26-29-ний өдрүүдэд болсон «Монгол-Оросын хамтын ажиллагаа-2016» эдийн засгийн чуулга уулзалтын үеэр дээрх тохиролцоонд хүрчээ.

Ховд аймаг дөрвөн жилийн өмнө Цөлжилтийг сааруулах төслийн дэмжлэгтэйгээр Усалгаатай тариалан эрхлэгчдийн холбоо тус аймгийн Ховд, Буянт сумын ногоочдын тарьсан төмсийг анх Новосибирскт экспортолж байсан юм.

Ховд аймгийн Засаг дарга Д.Галсандондог тэргүүтэй төлөөлөгчид Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалангийн албан ёсны айлчлалын бүрэлдэхүүнд багтан, Новосибирск хотод энэ оны 10 дугаар сарын 26-29-ний өдрүүдэд болсон «Монгол-Оросын хамтын ажиллагаа-2016» эдийн засгийн чуулга уулзалтад оролцжээ.

Чуулга уулзалтын дараа Оросын Холбооны Алтайн хязгаар болон Алтайн БНУлсын Засгийн газрын орлогч Ялбаков Эжер Алексеевич тэргүүтэй Засгийн газрын гишүүд аймгийн Засаг даргатай албан ёсны уулзалт хийж Ховд аймгийн өдрүүдийг тус бүс нутгуудад зохион байгуулах, уламжлалт харилцааг шинэ шатанд гаргах тал дээр онцгой анхаарахаа мэдэгдсэн байна.

Түүнчлэн чуулга уулзалтын төгсгөлд хоёр тал хамтын ажиллагааны талаар 8 баримт бичигт гарын үсэг зуржээ. Үүний дотор Монгол улсад орос хэлийг заах, судлахад дэмжлэг үзүүлэх системийг хөгжүүлэх хамтын ажиллагааны санамж бичигт Завхан аймгийн засаг дарга Д.Батсайхан, Увс аймгийн засаг дарга Д.Батсайхан, Баян-Өлгий аймгийн засаг дарга А.Гылымхан, Хөвсгөл аймгийн засаг дарга Л.Ганболд, Ховд аймгийн засаг дарга Д.Галсандондог нар гарын үсэг зуржээ.

 

А.Бямбасүрэн

Холбоотой мэдээ