Ө.Ганзориг: Гадны банк Монголд орж ирснээр зээлийн хүү буурахгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunzaya@montsame.mn
2016-11-10 14:44:56

Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал, валютын ханш банкны салбарт ямар нөлөө үзүүлж буй талаар Голомт банкны Гүйцэтгэх захирал, Эдийн засагч Ө.Ганзоригтой ярилцлаа.

 -Эдийн засаг хүндхэн сорилтуудтай тулгарч байна. Хүндрэх шалтгаан юунаас үүдэлтэй гэж  та үзэж байна?

 -Өсөлттэй явж байсан эдийн засаг огцом саарлаа. Хатуу газардалт болох вий гэсэн болгоомжлол эдийн засагчдад бий. Эдийн засгийг бүхэлд нь авч үзвэл 2009 онд хямраад 2011 оны сүүл хүртэл сэргэж, 2012 оны хоёрдугаар хагаст хүндрэлүүд үүсч эхэлсэн. Хүндрэл юунаас үүссэн бэ гэхээр гадаадын шууд хөрөнгө оруулалт огцом саарсантай холбоотой. Нөгөөтэйгүүр огцом өсөлт эдийн засагт тэлэлтийг бий болгож хөөсрүүлснээс үүдсэн. Гэхдээ монголчууд эдийн засгийн хүндрэлийг хүнээр бол их чийрэг туулж байна.

-Эдийн засгийн хямрал банкны салбарт хэр нөлөөлж байна вэ. Энэ талын судалгаа байна уу?

- Эдийн засгийн хүндрэл банкны салбарын хувьд чанаргүй зээлээр илэрдэг. Муу зээл өсөх хандлага нь суурь биш дагавар эрсдэл юм. Өнөөдөр валютаар зээл авсан иргэд, компаниуд ам.долларын ханшийн өсөлтөөс болж зээлээ хугацаандаа төлж чадахгүйд хүрлээ. Нөгөөтэйгүүр уул уурхайн түүхий эдийн үнийн уналт, томоохон төслүүд урагшлахгүй зогсонги байдалд орсны нөлөөгөөр бизнесүүдийн ашиг орлого хумигдсан учир зээлийн эргэн төлөлт муудаж байна. Тиймээс банкны салбарынхан муу зээл ихэслээ, буурлаа гээд суух биш чанаргүй зээлийг үүсгэж буй шалтгааныг олж, бууруулахад нэгдэж ажилламаар байна. Голомт банкны зүгээс валютын ханш ямар эрсдэл үүсгэж буй талаар улсын хэмжээнд судалж үзлээ. Тухайлбал хоёрдугаар улирлын байдлаар валютын ханшийн өсөлтөөс үүдэлтэй ам.доллараар зээл авсан иргэн, аж ахуйн нэгжийн алдагдлын хэмжээ 700-800 тэрбум төгрөгт хүрсэн дүн мэдээ гарсан. 2000 төгрөгтэй тэнцэж байсан ам.долларын албан ханш 2428 төгрөгт хүрчихлээ. Ийнхүү ханш өсөх бүрт  валютын ханшаас хүлээх алдагдал нэмэгдэх юм.

-Танай банкны хувьд валютын чанаргүй зээл хэр нэмэгдэж байна.  Ам.долларын өсөлт худалдан авалтыг бууруулахад нөлөөлж байгааг эдийн засагчид хэлж байгаа. Энэ тухайд?

- Голомт банкны нийт зээлийн 80 гаруй хувь нь  төгрөгөөр, 10 гаруй хувь нь ам. долларын зээл эзэлж байгаа учир бусад банкуудтай харьцуулахад чанаргүй зээлийн үзүүлэлт харьцангуй бага юм. Нийт зээлийнх нь 50 хувь ам.долларынх эзэлж буй банкуудад хүнд тусч  эрсдэлд орж байна.

Түүнчлэн ам.долларын ханш өссөнөөр худалдан авалтыг бууруулахад нөлөөлж байна. Хэдэн жилийн өмнө 800-900 мянган төгрөгийн цалин 700 ам.доллартай тэнцэж байсан бол өнөөдөр 300  ам.доллар боллоо. Үүний цаана худалдан авагчдын чадвар 50 хувиар буурч байна гэсэн үг. Тэгэхээр ам.долларын өсөлт яах аргагүй бидний амьдралд эрсдэл учруулж байна. Эрсдлийг бууруулахын тулд ам.долларын ханшийн өсөлтийг зогсоох шаардлагатай.

-Төвбанк ам.долларын ханшийг барих зорилгоор мөнгөний бодлогын хүүгээ өсгөсөн ч төдийлөн буурсангүй. Таны хувьд валютын ханшийн өсөлтийг хазаарлах арга байна уу?

-Монголбанк мөнгөний бодлогын хүүг нэмсэн ч ам.долларын ханшийн өсөлтөд нөлөөлсөнгүй. Өнөөдөр ам.долларын төгрөгтэй харьцах ханш дээд цэгтээ хүрлээ. Гэхдээ ирэх оны өдийд ам.долларын ханш  2000 төгрөгт хүрэх боломж харагдаж байна. Төр засгийн зүгээс зөв алхам хийж, том төслүүдээ урагшлуулвал ам.долларын ханш 2000 төгрөгт хүрч тогтворжино. Ханш яагаад буурах вэ гэхээр Хятадын зах зээл дээр нүүрсний үнэ гурав дахин өсчихлөө. Тиймээс манай  нүүрсний экспортод сэргэлт ирэх магадлал байна. Нүүрсээ үнэд хүргэвэл орлого нэмэгдэнэ гэсэн үг. Мөн “Оюутолгой”-н гүний уурхайн бүтээн байгуулалтын үр дүнд жил бүр 1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт орж ирнэ. Түүнчлэн статистик үзүүлэлтээс харвал гадаад худалдааны баланс ашигтай гарч байгаа. Өөрөөр хэлбэл гадагшаа өгч буй ам.доллараас гаднаас орж буй нь их юм. Үүнээс үзэхэд ам.долларын орох урсгал нэмэгдэх хандлага ажиглагдаж байна. Монгол Улс бонд, зээлийн хугацаагаа сунгаж чадвал 2017, 2018 онд ам.долларын урсгал эерэг болно. Ам.долларын урсгалыг эерэг болгохын тулд Засгийн газар болон Төвбанк зөв бодлогоор ажиллах ёстой.

-Банкны салбар эдийн засагт хувь нэмэр үзүүлэхээсээ илүүтэй хүүний дарамтыг иргэдийн нуруунд үүрүүлж байна гэх шүүмжлэл бий. Арилжааны банкууд хүүгээ бууруулах боломж байдаггүй юм уу?  

 -Монгол Улс чөлөөт зах зээлд шилжээд 25 жил болж байна. Банкинд яаж ч бодсон зээлийн хүү өндөр байх явдал нь ашиггүй байдаг. Банк зээлийн хүүний ашгаар явдаггүй. Хадгаламжийн хүү зээлийн хүүний зөрүүнээс ашиг олдог. Өөрөөр хэлбэл зээлийн хүү өндөр байгаа нь банкинд халтай гэсэн үг. Тухайлбал би хүнд 200 мянган төгрөгийг жилийн 10 хувь эсвэл 25 хувийн хүүтэй зээлээд явуулъя гэхэд банкинд ирэх эрсдэл өөр өөрөөр илэрнэ. 10 хувийн хүүтэй зээлийг иргэн төлчихнө. Харин 25 хувийн хүүтэй зээлийг төлөхөд хүндрэлтэй. Тухайн хүн  25 хувийн хүүнээс илүү ашиг олж байж орлого нь нэмэгдэнэ. Тэгэхээр зээлийн өндөр хүүтэй  бид тэмцэх шаардлага гарч ирдэг. Нөгөөтэйгүүр зээлийн хүүг тогтооход макро эдийн засгийн суурь тэнцвэр нөлөөлдөг. Банкны хүү өндөр байгаагийн цаана  макро эдийн засгийн суурь тэнцвэр зохистой хэмжээнд хүрч чадаагүйн илрэл юм. Арилжааны банкуудыг чөлөөт зах зээл дээр байгаа дэлгүүртэй зүйрлэж болно. Өөрөөр хэлбэл дэлгүүрийн лангуун дээр байгаа махыг үнэтэй байна гээд худалдагчийг зандраад байж болохгүй биз дээ. Үүнтэй адил юм. Дэлгүүрүүд  маханд таван хувийг шингээгээд борлуулж байгаа болохоос биш үнийг тогтоох эрх байхгүй. Энэ жишээ нь макро эдийн засгийн суурь тэнцвэрт банкууд нөлөөлж чадахгүй гэдгийг илэрхийлнэ. Тиймээс хэн нэгэнд бурууг чихэлгүйгээр макро эдийн засгийн суурийг бэхжүүлсний дараа зээлийн хүү буурах юм.

-Зээлийн хүүг бууруулахад банкууд нэгдэх хэрэгтэй гэж та хэллээ. Үүнийг хэрэгжүүлэхэд танай банк ямар ажил санаачилж байна?

-Манайх шиг социалист нийгмээс чөлөөт зах зээл рүү шилжсэн дийлэнх орнууд зээлийн хүүгээ нэг оронтой тоонд барьж чадсан. Манайд ч гэсэн зээлийн хүү 2-3 удаа доошилсон шүү дээ. Төвбанк мөнгөний бодлогын хүүг нэмснээр буурч явсан зээлийн хүү эргээд өслөө. Мөн Монгол Улсын зээлжих зэрэглэл буурснаас үүдэлтэй  өндөр хүүтэй зээл орж ирэх нөхцөл үүссэн. Олон улсын зах зээлд мөнгө их байна. Тиймээс зээлжих зэрэглэлийг сайжруулснаар хүү багатай мөнгө манайд орж ирнэ. Улмаар  зээлийн хүү нэг оронтой тоо руу орох боломжтой. Мөнгөний бодлогын хүүг 10.5 хувь дээр барьсан бол хадгаламжийн хүү 14 хувь болох боломжтой байсан. Мөн зээлийн хүү 18 хувь болох боломжтой. Гэхдээ банкууд зээлийн хүүгээ бууруулахад анхаарч байна. Бид зээлийн хүүг бууруулах үндэсний стратеги эрдэм шинжилгээний уралдааныг зарласан. Монголын хамгийн сайн эдийн засагч, шинжээчид зээлийн хүүг бууруулах аргаа нэгтгээд төр засагт дэвшүүлж ажил хэрэг болгох зорилго бүхий уралдаан юм. Ирэх 12 дугаар сард уралдааны дүнг гаргаж олон нийтэд танилцуулна. 

- Гадны банкуудыг оруулж ирснээр зээлийн хүү буурна хэмээн ярих юм. Үнэхээр зээлийн хүү буурч иргэдэд ээлтэй байх боломж бүрдэх үү. Мэдээж хэрэг арилжааны банкууд гадны банкыг оруулж ирэхийг бодохгүй байх?

-Гадны банк Монголд орж ирснээр зээлийн хүү буурахгүй ээ. Орж ирэнгүүтээ аж ахуйн нэгж, иргэдэд хямд хүүтэй зээл өгөхгүй гэдгийг хүмүүс ойлгох хэрэгтэй. Өнөөдөр Монголын банкууд 20 хувийн зээл, Банк бус санхүүгийн байгууллагууд 30 хувийн хүүтэй зээл олгож байгаа үед ашгийн төлөө ажиллаж буй гадны банк 5 хувийн хүүтэй зээл олгохгүй. Тухайлбал Монгол, Англи улсын харилцагчид өөр, өөр шүү дээ. Эрсдлийн зэрэглэлийн хувьд ч харилцан адилгүй. Олон улсын санхүүгийн хуулиар зээлжих зэрэглэлийн түвшингээр зээлийн хүүг тогтоодог. Зээлжих зэрэглэлийн түвшин доогуур байгаа манай улсын хувьд хүү нь өндөр тогтоно. Багцаагаар манай зах зээл дээр тогтсон хүүтэй ижил байх болов уу. Тиймээс зээлийн хүүг бууруулахаар гадны банк оруулж ирнэ хэмээн ярьж буй нь орчин үеийн макро эдийн засгийн хуулинд байхгүй зүйл. Үүнийг ярьж буй хүмүүс банк, санхүүгийн ойлголт, мэдлэггүйтэй холбоотой юм. Гадны банк оруулж ирэхтэй холбоотой жишээ татаж буй хүмүүс нэлээн буруу ойлголтыг  нийтэд түгээж байна. Тухайлбал Швейцарьт байгаа Олон улсын банк  гэхэд  зөвхөн Англи улсын иргэнд үйлчилдэг. Түүнээс биш Швейцарь улсын иргэнд үйлчилдэггүй байх жишээтэй. Мөн Олон улсын банкууд орон нутагт үйлчилгээ явуулдаггүй. Гэтэл манайхан орон нутагт гадны банк үйл ажиллагаа явуулаад зээлийн хүү огцом буурна хэмээн тайлбарлаж нийгэмд хүлээлт үүсгэж байна. Харин гадны банк орж ирэх сайн тал нь банкны салбарын өрсөлдөөнийг нэмэгдүүлэх боломжтой. Тиймээс өрсөлдөөнийг бий болгох үүднээсээ гадны банкууд орж ирэх ёстой гэж эдийн засагчийн хувьд үздэг. Гэхдээ цаг хугацааны хувьд  харах  ёстой зүйл бий.  Бид эдийн засгийн дархлаа суларсан үед гадны банкыг оруулж ирэх нь зөв үү гэдгийг бодолцох ёстой. Түүнээс биш зээлийн хүүг бууруулах зорилгоор гадны банк оруулж ирнэ гэсэн буруу ойлголтыг нийгэмд өгч болохгүй.

-Ингэхэд та хөрөнгө оруулагчдын урсгал татарсан шалтгааныг юу гэж тайлбарлах вэ?

 -Валютын ханшийн савлалт хөрөнгө оруулагчдыг хүлээлтийн байдалд оруулчихлаа. Өөрөөр хэлбэл хөрөнгө оруулагчдад төгрөгийн ханшийн уналт  эрсдэл үүсгэж байна. Тухайлбал 4 жилийн өмнө гадны хөрөнгө оруулагч манай нүүрсний салбарт  нэг сая ам.доллар орууллаа гэхэд төгрөгт шилжүүлбэл 1.2 тэрбум төгрөг болж байв. Гэтэл өнөөдөр 2.4 тэрбум төгрөг болж үнэ цэнэ хоёр дахин өсчихлөө. Хөрөнгө оруулагч 2.4 тэрбум төгрөгөөр үйлдвэрт хөрөнгө оруулж, гурван жилийн дараа ашгаа аваад нутаг буцах гэтэл ам.долларын ханш 3500 төгрөг болчихсон байвал тухайн хүнд ашиг гарахгүй. Өөрөөр хэлбэл 2.4 тэрбум төгрөгөөр бизнес хийгээд 400 сая төгрөгийн ашиг олж нийт 2.8 сая төгрөгийн ашиг олоод анх хөрөнгө оруулсан нэг сая ам. доллараа худалдан авах гэтэл ам.долларын ханш 3000 төгрөгтэй тэнцвэл 200 сая төгрөгийн алдагдал хүлээнэ гэсэн үг. Тэгэхээр төгрөгийн ханш суларсан үед хөрөнгө оруулагчид  эрсдэлтэй учир хөрөнгө оруулахгүй. Тиймээс монгол мөнгө хүчтэй байх ёстой. Төгрөгийн ханш суларна уу гээд хаяж болохгүй. Энэ нь эргээд гадны хөрөнгө оруулагчдыг үргээнэ. Тиймээс энэ асуудалд Засгийн газар анхаарч байх шиг байна.  Төвбанкинд валютын ханшийн өсөлтийг зогсоох чиглэл өглөө.

 -Монголын эдийн засагт хэзээ сэргэлт ирэх бол?

- Сүүлийн 3 сарын хугацаанд эдийн засагт эерэг нөлөөллүүд гарч байна. Хятадын нүүрсний зах зээл сэргэж байгаатай холбоотой манай том төслүүд хөдөлгөөнд орж эхэллээ. Тиймээс эдийн засаг аажимдаа бага зэрэг сэргэх болов уу.

 Б.Заяа

Гэрэл зургийг Б.Чадраабал

Холбоотой мэдээ