Сэргээн засах тусламжийн сургагч багш нарыг бэлтгэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2016-11-16 17:53:15

Сэргээн засах тусламж үйлчилгээг илүү хүртээмжтэй, чанартай болгох зорилгоор “Сэргээн засах тусламжийг сувилахуйд нэвтрүүлэх нь” сургалтыг Өмнөговь аймгийн Эрүүл мэндийн газарт зохион байгуулж байна.

Хоёр дахь өдрөө үргэлжилж байгаа уг  сургалтанд Бүсийн оношилгоо эмчилгээний төв, Өрхийн эрүүл мэндийн төв, Сум дундын эмнэлэг, сумын Эрүүл мэндийн төв, хувийн хэвшлийн эмнэлэгүүдийн нийт 41 сувилагч нарыг хамруулан сургагч багш нарыг бэлтгэж байгаа юм. Тэд энэхүү сургалтанд сууснаар сэргээн засах тусламж шаардлагатай иргэдийн асран хамгаалагч нарт заан төлөвшүүлэх, өөрсдөө мөн тусламж үзүүлэх аж.

Тархинд цус харвахад ямар тусламж үзүүлэх, тэдгээрийн үндсэн ойлголт, биеийг хэрхэн зөв байрлалтай байлгах, нурууны зөв дасгал хөдөлгөөн, саажилтын тухай ерөнхий ойлголт, зөв тусламж үйлчилгээг хүргэх талаар тэдэнд зааж байна. Сэргээн засах тусламжийг сайжруулах, сургагч багшийг бэлтгэх сургалтыг зохион байгуулснаар сэргээн засах тусламж үйлчилгээний чанар хүртээмж сайжирна гэж үзэж байгаагаа сургалтыг зохион байгуулагчид хэлж байгаа юм. Энэхүү сургалтыг зохион байгуулах бүх зардлыг аймгийн ЗДТГ хариуцжээ.

Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ