Жингийн алдагдалтай хүүхдүүдийг "Тараг" хөтөлбөрт хамруулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-11-17 09:14:12

Дундговь аймагт жингийн алдагдалтай хүүхдүүдийг өрхийн эмчийн судалгаагаар авч, аймгийн төвийн 20 хүүхдийг “Тараг” хөтөлбөрт хамруулж байна.

Тус хөтөлбөрт жингийн алдагдал, хоол тэжээлийн дутагдалтай 6-24 сартай хүүхдүүд өдөр бүр нэг аяга тараг уудаг боллоо. Энэ хөтөлбөрийг “Дэлхийн зөн” Олон улсын байгууллага хэрэгжүүлж эхлээд байгаа бөгөөд хөтөлбөр 8 сарын турш хэрэгжинэ гэж тус байгууллагын Орон нутгийн хөгжлийн хөтөлбөрийн зохицуулагч Д.Мөнхбадрах хэллээ.

Хөтөлбөр хэрэгжих хугацаанд долоо хоногт нэг удаа хүүхдийн хоол тэжээл, асаргаа сувилгааны талаар эцэг эхчүүдэд сургалт явуулах ажээ.  

Хүнсний чанар аюулгүй байдлыг харгалзан Улаанбаатар хотын “Сүү” ХХК- ийн үйлдвэрлэдэг элгэн таргийг хүүхдүүдэд уулгахаар сонгосон байна. Таргийг шинэ тутамд нь  Дундговь аймгийн “Ялгуум билэгт” ХХК нийлүүлж байхаар болжээ.

“Тараг” хөтөлбөрийг санаачлагч байгууллага нь аймгийн Эрүүл мэндийн газартай хамтран ажиллаж байна.

Т. Отгонтуяа

Холбоотой мэдээ