Анхны Мастер тогооч Н. Магсарын нэрэмжит уралдаан Мандалговьд болно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬМонгол Улсын анхны Мастер тогооч Дундговь аймгийн иргэн Н.Магсар агсны үйлс алдрыг алдаршуулах зорилгоор түүний нэрэмжит аварга тогооч шалгаруулах уралдааныг энэ сарын 18- 19-ны өдөр Мандалговь хотод зохион байгуулах гэж байна.
Монгол Улс нийтийн хоолны салбарыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан тогооч нартаа мастер тогооч цол олгодог болсноор 50 жил өнгөрч байна. Хамгийн анх 1966 онд Дундговь аймгийн иргэн Нямын Магсар БНМАУ-ын Мастер тогооч цолоор шагнуулж байсан бөгөөд Мастер тогооч цол олгож эхэлсний 50 жилийн ойн хүрээнд түүний нэрэмжит аварга тогооч шалгаруулах уралдааныг Мандалговь хотод ийнхүү товложээ.
Н.Магсар нь Дундговь аймгийн Сайнцагаан сумын уугуул юм. Тэрээр 18-27 нас хүртлээ хийдэд шавилан сууж байгаад 1922 онд ардын цэрэгт татагдан алба хааж, энэ хугацаандаа цэргийн тогоочоор ажиллаж эхэлжээ. Цэргийн албаа хааж дуусгаад ч тогоочийн ажлаа орхиогүй байна. 1938 оноос эхлэн Дундговь аймгийн Худалдаа бэлтгэлийн удирдах газрын гуанзанд тогооч, нарийн боовны цехэд ахлах тогоочоор 1978 он хүртэл ажиллаад 78 настайдаа өндөр насны тэтгэвэрт гарчээ. Нийтийн хоолны салбарт он удаан жил ажиллахдаа Н.Магсар Төрийн дээд шагнал Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор шагнуулж байжээ.
Түүнийг Монгол Улсын анхны мастер тогооч цол авснаас хойш төрөлх нутгаас нь 33 жилийн дараа буюу 1999 онд Х.Оюунцэцэг энэ цолыг хүртсэн Дундговь аймгийн хоёр дахь тогооч болж байсан. Түүнээс хойш 2005 онд Ю. Должинсүрэн, 2015 онд Х. Энх- Амгалан нар Монгол Улсын мастер тогоочийн эгнээг өргөжүүлж, говь нутагтаа хоол үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэхэд хөдөлмөр зүтгэлээ зориулж яваа билээ.
Монгол Улсын анхны Мастер тогооч Н.Магсараар овоглосон аварга тогооч шалгаруулах уралдаанд Дундговь аймгийн 15 сумын хоол үйлдвэрлэл,үйлчилгээний бүх салбарт ажиллаж буй тогооч нар оролцоно.
Уралдаанд оролцогчдыг цэцэрлэг, сургуулийн, ресторан, зоогийн газрын,талх нарийн боовны тогоочийн төрөлд тус бүрт нь шалгаруулах бөгөөд мөн шилдгийн шилдэг тогоочийг шалгаруулж Гранпри шагнал гардуулах юм байна.
Энэхүү уралдааныг Дундговь аймгийн ЗДТГ, Монголын Мастер тогоочдын холбоо, Монгол Улсын анхны мастер тогооч Н.Магсар агсны үр хүүхдүүд хамтран зохион байгуулах ажээ.
Т. Отгонтуяа