Ховдод намар “буцаагүй”, алтайн цаадахь говьд цас ихтэй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2016-11-17 12:48:45

Ховд аймгийн төв Ховд хотод өвлийн эхэн сар гарсан ойрын өдрүүдэд цаг агаар тогтуун, налгар өдрүүд үргэлжилж, намар буцаагүй байна гэхэд болохоор, нар ээж, өвлийн хувцас, малгай, гутал хүнддэж байна.

Гэтэл аймгийн төвөөс 300 км-ийн цаана оршдог Алтай цаадахь говийн бүсийн Булган, Үенч, Алтай суманд орсон цас гутлын түрий давж, зам даваа хаагдаж байна.

Аймгийн Онцгой байдал хуралдаж 11 сарын цаг агаарын төлөв, хөдөө аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл, Алтай, Булган,Үенч сумдад цас орсны улмаас үүсэн нөхцөл байдлыг хэлэлцэж, шийдвэр гаргахаар боллоо.

Ховд аймгийн Алтай цаадахь говь гэж нэрлэгддэг дээрх сумдад 11 сарын 8-наас хойш  үргэжлэн цас орж, мал өвөлжилт хүндрэх төлөвтэй болж, алслагдсан багийн малчдад хүрч чадахгүй байна.

Булган сумын төв 30- 45 см цастай байгаа бол хөдөөгийн багуудад 60 см хүрч цас нэмж орсоор байна.

Энэ 11 сарын цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээгээр 18-25 ны өдрүүдэд Ховд аймгийн ихэнх нутгаар цас орж, зам даваа хаагдах төлөвтэй байна.

Намар буцах болоогүй гэж хууртаж байсаар байтал өвөл гэнэт ирж, ирэх ирэхдээ бүр  хүйтэн цасан шуургатай ирэх нь.

Булган сумын төвөөс цааш 50 км яваад малчдад хүрэх боломжгүй байгаа бол,Үенч сумын Жаргалан баг 70 гаруй малчин холбоо барих боломжгүй, Алтай сумын Алтангадас багийн малчид  зам даваа хаагдаж байдал хүндэрч байна.

Баруун гурван суманд их хэмжээний цас орсонтой холбогдуулан Алтайн зам компани замын цас арилгах, өвс тэжээлийн нөөцийн мэдээ өгөх зэрэг үүрэг чиглэл аймгийн шуурхай зөвлөлгөөнөөр өгөөд ажиллаж байна.

Түүнчлэн Хятадад их хэмжээний цас орж баруун хилээр нүүрс гаргахгүй, хил хаах тухай албан бусаар мэдээлж, хилээр зорчигдод мөн адил хүндрэл үүсгэж болзошгүй байна.

А.Бямбасүрэн

Холбоотой мэдээ