Тувагийн Улаан загалмайн байгууллагатай хамтарч ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2016-11-17 18:04:01

Увс аймгийн УЗХороо, ОХУ-ын Тува улсын Улаан загалмайн нийгэмлэгийн урилгаар Кызыль хотноо айлчилж, хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зуржээ.

Энэхүү айлчлалд ерөнхий боловсролын гурван сургуулийн Өсвөрийн улаан загалмайн удирдагч дөрвөн багш, УЗХорооны даргын хамт оролцож, үйл ажиллагааны арга туршлагаа солилцож, цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар зөвшилцсөн байна.

Үүнээс гадна аймгийн Улаан Загалмайн Хороо аймгийн Боловсрол, соёлын газар болон ерөнхий боловсролын 6 сургууль, 8 цэцэрлэгийн удирдлагатай хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зуржээ. Тус гэрээний зорилго нь хүүхэд, багачуудад хүнлэг энэрэнгүй, эх оронч үзлийг төлөвшүүлэх, хүмүүнлэгийн хөдөлгөөнийг өрнүүлж, удирдлага арга зүйгээр ханган, эрх зүйн орчинг бий болгох, хамтран ажиллахад оршиж байгаа аж. Сургууль, цэцэрлэгийн удирдлагууд гэрээг үндэслэн төлөвлөгөө гаргаж, хүмүүнлэгийн үйл ажиллагаанд идэвх санаачлага, зохион байгуулалттай оролцохоо мэдэгдэж, Улаан Загалмайн Хорооны олон талт арга хэмжээг дэмжин, хамтран ажиллахаа илэрхийлсэн байна.

Б.Батхүү

 

Холбоотой мэдээ