Гүйдэг Гэндэнг дүрсэлсэн зураг Дундговийн музейд хадгалагддаг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-11-21 17:00:16

Дундговийн музей сан хөмрөг дэхь уран зургуудаа өнгөрсөн даваа гарагаас эхлэн дэлгэн үзүүлж байгаа бөгөөд үүн дотор үзэгчдийн сонирхол татах зургуудын нэг нь “Гүйдэг Гэндэн” цуврал зураг байна.

Дөрвөн хуруу хүж шатаж дуусахын хооронд туулай гүйцэж барьдаг хурдан Гэндэн хэмээх хүн Боржигон цэцэн вангийн хошуу, одоогийн Дундговь аймгийн Баянжаргалан суманд аж төрж байсан гэдэг. Хурдан Гэндэнгийн тухай нутгийн ардын дунд яригдан үлдсэн домог мэт яриа олон бий бөгөөд түүнийг нь МУЭ-ийн шагналт зураач Ё. Жигмэддулам 1984 онд дүрслэн зурсан нь Дундговь аймгийн музейд хадгалагддаг ажээ.

Гэндэн 1869 оны өвлийн тэргүүн сарын шинэдээр одоогийн Дундговь аймгийн Баянжаргалан сумын нутагт анчин Дугарын охин Дэжидийн хүү болж мэндэлсэн гэдэг. Тэрээр Зүүн Чойрын хийдэд шавилан суусан ч гавьтай лам болж чадаагүй тул эхнэр, хүүхэдтэй болж мал маллан аж төрж байгаад 75 насандаа өөд болсон байна. Түүний зүүн хөлийн тахиманд шарик мэт бөөрөнхий хатуу ур байсан бөгөөд гойд хурдан гүйдэг чадвар нь үүнтэй холбоотой байсан гэх таамаг яриа ч ард түмний дунд үлдсэн байдаг. Гэндэн 12-40 насандаа гойд хурдан гүйдэг байсан бол 50 эргэм насанд нь энэхүү хатуу ур гэнэт алга болсон гэлцдэг.

Тэрээр  туулай хөөж гүйцээд гангар шаазанд шээлгэн, халуунаар нь Зүүн Чойрын хийдийн хамба Чойжин Дамбажамц гэгч “чих хатуу” ламд авчирч өгөхөд лам туулайн халуун шээсийг чихэндээ дусаан сонсголоо сайжруулж байсан гэдэг. Мөн Холбоогийн ширээт гэдэг газраас Билүүтийн жас хүртэл 50 гаруй км зайд олон морьтонтой явганаар уралдаж хол түрүүлж ирсэн,  Зүүн Чойроос өглөө гарч гүйсээр Билүүтэд ирж ямаа саачихаад буцаж гүйн лам багшдаа өглөөний цайг нь чанаж өгдөг байсан гээд ард олны дунд домог болон үлдсэн олон яриа байдгийг  зураач Ё. Жигмэддулам ийнхүү дүрслэн буулгаж байжээ.

Т. Отгонтуяа         

 

 

Холбоотой мэдээ