Дэлгэрхангай сумын түргэн тусламжийн машиныг шинэчлэхээр болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-11-22 21:15:28

Түргэн тусламжийн автомашиныг нь шинэчлэх шаардлагатай хэд хэдэн сум Дундговь аймагт бий. Түүний нэг нь Дэлгэрхангай сум бөгөөд тус сумын Эрүүл мэндийн төвийн түргэн тусламжийн автомашиныг шинэчилж өгөхөөр болсон байна.

Хүйтний эрч чангарч, зарим аймаг, сумын нутагт цас ихтэй, өвөлжилт хүндэрч болзошгүй нөхцөл байдалтай холбогдуулан эрүүл мэндийн тусламж үйлчилгээний бэлэн байдлыг хангах талаар ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга бөгөөд Гамшгаас хамгаалах эрүүл мэндийн улсын албаны штабын дарга Д. Очирбат өчигдөр бүх аймгийн Эрүүл мэндийн газрын дарга, Нэгдсэн эмнэлэгийн удирдлагуудтай цахим хурал хийсэн байна.

Энэ үеэр эрүүл мэндийн салбарын өвөлжилтийн бэлэн байдал, тулгамдаж буй асуудлыг ярилцаж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний бэлэн байдлыг хангах, хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулахтай холбоотой зарим үүрэг даалгаварыг өгчээ.

Дундговь аймгийн хувьд, Дэрэн, Дэлгэрхангай, Баянжаргалан, Говь-Угтаал, Хулд, Өлзийт сумын Эрүүл мэндийн төвийн түргэн тусламжийн автомашиныг шинэчлэх шаардлагатай байгааг дахин дуулгасан бөгөөд эхний ээлжинд Улсын онцгой комиссоос Дэлгэрхангай сумын ЭМТ-д түргэн тусламжийн автомашин олгохоор болсныг аймгийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.

Т. Отгонтуяа

Холбоотой мэдээ