С.Бат-Эрдэнэ:Ажлын алба олон хүнтэй байх нь ажилд онцын нөлөөгүй, санаачлага л чухал

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2016-11-23 16:42:19

Хэнтий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргаар томилогдон ажиллаж буй С.Бат-Эрдэнэтэй уулзаж ярилцлаа. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал ирэх 4 жилд хийж хэрэгжүүлэхээр шинэлэг ажил олныг төлөвлөжээ.

-Сайн байна уу? Аймгийн ИТХ-ын бүтэц бүрэлдэхүүн, үйл ажиллагааны чиглэл, үндсэн үүрэг зарчмын талаар манай уншигчдад товч мэдээлэл өгнө үү?

-Хэнтий аймгийн Хурал 39 Төлөөлөгчтэй. Хурлын хуралдааны чөлөөт цагт 11 Тэргүүлэгч ажил үүргийг нь зохион байгуулдаг. Энэ удаагийн хурлын бүрэн эрхийг хэрэгжүүлж байгаа нийт бүрэлдэхүүний нас, мэргэжил, ажлын туршлагыг авч үзвэл тун боломжийн хүмүүсээр бүрдсэн гэж үзэж байгаа. Хурлын Төлөөлөгчдийн ажиллах орчин, эрх зүй, үйл ажиллагааны зөвлөмж өгөх үүрэг чиглэлтэй манай ажлын албанд Хурлын дарга, нарийн бичгийн дарга, албан хаагч, жолооч гээд 11 хүн ажиллаж байна. Үйл ажиллагааны хувьд иргэдийн олон нийтийн эрх ашигт бодлого, ажлаа чиглүүлж, хууль дээдлэх, ил тод, шуурхай, шударга зарчмын дор ажиллах учиртай. Бид аймгийн Хурлыг нээлттэй, эрч хүчтэй, эрэлттэй байхаар ажлаа зохион байгуулж байна даа.

- Иргэдийн Хурлын Төлөөлөгч хүн ямар байх ёстой вэ? Ирэх 4 жилд төлөөлөгчдөөрөө дамжуулан иргэддээ хэрхэн хүрч ажиллах вэ?

-Ямар байх ёстой вэ гэвэл, олон талаас нь тодорхойлж болох байх. Ямартаа ч Хэнтий аймагт хууль ёсоор оршин суугч Хэнтийн иргэн байх ёстой. Санаачлагатай, оролцоог дэмждэг, сонгуулийн үед амлаж байсан үг, үйлдэлдээ эзэн байх ёстой л гэж хэлэх байна. Товчхондоо бол сонгогчидтойгоо эргэж уулздаг, эргэх холбоо бүхий иргэн, үүрэг хариуцлагаа бүрэн дүүрэн ойлгосон сонгуульд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийнхөө араас гутлын улаа элэгдтэл хичээн зүтгэдэг тийм хүн л байх л ёстой болов уу. Бид нэлээд ажлыг төлөвлөж байна. Хамгийн гол түшиж тулах хүмүүс маань Хурлын 39 Төлөөлөгч. Тэдний ажиллах орчин нөхцлийг бид, манай ажлын алба, бүрдүүлэх учиртай. Төлөөлөгчид маань олон түмний итгэл сэтгэлийг олж, тэдний төлөө зүтгэнэ гэж 4 жилийн хугацаатай сонгогдсон хүмүүс. Сонгуулийн бүрэн эрхээ хангалттай, хангалтгүй биелүүлэх эсэх нь бидний ажлаас шууд хамаатай гэж үзэж бид ажлаа төлөвлөнө. Иргэдийн оролцооны шууд хамаарал нь манай Төлөөлөгчдийн үйл ажиллагаанаас шалтгаалах юм.

- Цаашид шинээр хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлуудаасаа танилцуулна уу?

-Саяхан манай ажлын алба санаачлаад аймагт үйл ажиллагаагаа явуулж байгаа хэвлэл мэдээллийн байгууллагуудтайгаа уулзаж, ажил хэргийн харилцан итгэлцсэн халуун яриа өрнүүллээ. Бидний нээлттэй байх гарц бол хэвлэл мэдээлэл. Орчин цагийн хурд шаардсан энэ үед мэдээлэл ил тод, үйл ажиллагаа иргэд, олон нийтийн оролцоог шүтсэн, тэдний эрэлт хэрэгцээг хангасан, хамгийн гол нь шуурхай байна гэдэг их чухал байгаа. Энэ хэрэгцээг хангаж ажиллахыг бид хичээнэ. Энгийн бүхэн үнэ цэнэтэй шүү дээ. Үе үед ажиллаж байсан аймаг орны удирдлагуудын үгийг сонсоно гэж төлөвлөж байна. Тэдний хэлэх ярих, бодсон санасан бодол, хийж байсан ажил, бодлого, төлөвлөөд хэрэгжүүлээгүй ажлын санаа бидэнд үнэтэй. Дараа дараадаа энд ажиллаж амьдарч байгаа гадаадын мэргэжилтэн, сайн санаат хүмүүс, төсөл хөтөлбөрийн байгууллагынханыг бид урин уулзана. Амьдралын сайхан нь уулзаж учрахдаа байдаг шүү дээ. Амьдралд ойрхон, итгэлцсэн харилцаа манай хуралд маш чухал. Ирэх жилүүдийн хурлын бодож тооцох ажил бол иргэдийн санаачлагыг дэмжих, оролцоог нь үнэлэх асуудал байгаа. Энэ бодлогын хүрээнд “Хэнтийгээ дэмжье” гэсэн хөдөлгөөн ч гэх юм уу, ямартаа ч энэ зарчмыг үйл ажиллагааны зүг чиг болгоод ажиллахаар төлөвлөж байна.

- Үндэсний өв соёлын нэг хэсэг болсон Монгол бичгийг түгээн дэлгэрүүлэх, сурталчлах үйл хэрэгт өнгөрсөн жилүүдэд аймгийн ИТХ нэлээд идэвхтэй ажилласан. Та монгол бичгийн зүтгэлтэн хүний хувьд энэ тал дээр хэрхэн анхаарал хандуулж ажиллах вэ?

-Зүтгэлтэн гээд бас өндөрт өргөж, баярлалаа. Монгол хэл, уран зохиолын багш мэргэжилтэй учраас эх хэл бичигт ойрхон хүн л дээ. Бид "Монгол хэл бичгийн баяр, өдөрлөгийг Хэнтий аймагт уламжлал болгон зохион байгуулж байя"  гэж Монголд ганцхан үндэсний бичгээрээ гардаг “Хүмүүн бичиг” сонинд саналаа тавиад байгаа. Монгол бичгийн уран бичлэг ч бас ажил болгоод, иргэд, хүүхэд багачуудад зааж сургавал Хэнтий аймагт тун хэрэгтэй, аялал жуулчлалтай холбогддог, гадаад дотоодын зочдын анхаарал, сонирхлыг ихээхэн татдаг юм. Өнгөрсөн жилүүдэд энэ талаар ажлын эргэлт, ололт гарсан, гарсан. Харин улсын хэмжээнд хамгийн олноор захиалсан тэр сонин одоо хаана, хэн хэрэглэж байгаа бол гэдэгт би эргэлздэг юм. Яг одоо “Монголын сайхан бичигтэн 2016” улсын уралдаан 20 дахь жилдээ зарлагдсан байгаа. 2015 онд энэ уралдаанд 2 иргэн л оролцсон. Хэрэглээ, дэмжлэг бага байсан. Санаачлах нэг хэрэг ажил хэрэг болгож жинхэнэ агуулгаар нь хийх бол нэг хэрэг болох тухай тайна сониноор санал сэтгэгдлээ хуваалцаж байсан цаг саяхан байна. Сайн зүйлүүдийг үргэлжлүүлнэ. Төрийн ажил залгамжаа хадгалахгүй бол утгаа алдана.

- Ойрын хугацаанд зохион байгуулахаар төлөвлөсөн ямар ажлууд байна вэ?

-12 дугаар сарын 02-ны өдөр хуралдах 3 дугаар хуралдааны бэлтгэл ажил хангаад явж байна. Хурлын ажлын албаны бүтцийн хувьд бага зэрэг өөрчлөгдсөн. Ажлын ачаалал, ажил үүргийн хуваариа нягт тооцож, орон тоогоо баталсан, аймгийн Хурлын Тэргүүлэгчид. 2012 онд 7 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байсан бол өнгөрсөн хурал 13 болгож нэлээд нэмэгдүүлж ажилласан юм билээ. Хурлын ажлын алба олон хүнтэй байх нь ажилд онцын нөлөөгүй, санаачлага л чухал гэж үздэг би. Ажиллаж байгаа албан хаагчдадаа үргэлжлүүлэн ажиллах санал тавьсан, тэд сонголтоо өөрсдөө хийсэн. Ажлын албаа бүрдүүлж байна. Мөн “нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд аймаг, сумдын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдийг чадавхжуулах сургалтыг 11 дүгээр сарын 29-30-ны өдөр зохион байгуулах юм. Энэ удаа аймгийн болон Хэрлэн сумын Төлөөлөгчид хамрагдах учиртай. Энэ ажил бас их чухал. Ажил ар араасаа ундарч байх нь сайхан байдаг шүү дээ.

Д.Одонтунгалаг

 

Холбоотой мэдээ