Тусгаар улсаа тунхагласны баярыг өргөн дэлгэр тэмдэглэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-11-26 12:42:54

Монгол Улсаа тунхагласны 92 жилийн ойн баярыг угтаж Дорноговь аймгийн  соёл боловсролын байгууллагууд үндэсний ёс заншлыг харуулсан олон төрлийн тоглоом, наадгай, уралдаан тэмцээн зохион байгууллаа.

Аймгийн Төв номын сангаас Сайншанд сумын цэцэрлэгүүдийн багш, ажилчдын дунд "Шагайн наадгай" тэмцээн зохион байгуулж дүнгээ гаргасан бол Музей сургалт, судалгааны төвөөс ерөнхий боловсролын сургуулиудын дунд “Дээлтэй монгол” арга хэмжээ зохион байгуулав.

Сургууль бүрээс шалгарсан дээлтэй шилдэг хос нийт 30 хүүхэд оролцоход тэргүүн байрт Сайншанд сумын ерөнхий боловсролын  1 дүгээр сургуулийн  2г ангийн сурагч Д.Эрхсаран, 2г ангийн сурагч П.Мөнхтүшиг нар шалгарлаа.

Харин шилдэг эрэгтэй 1 дүгээр байрт Сайншанд сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн 4б ангийн сурагч М.Мөнхсайхан, шилдэг эмэгтэй 1 дүгээр байрт Сайншанд сумын ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн 2а ангийн сурагч Б.Энэрлэн нар тодров.

Мөн дунд сургуулиудын  зарим багш түүхийн хичээлийг Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал,үүний төлөө амь биеэ хайрлалгүй зүтгэж явсан эх орончдын тухай сэдвээр өрнүүлсэн нь ихээхэн үр дүнтэй болсон аж.  

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ