“Чингис хотын үдэш” бүсгүйчүүдийн ток шоу зохион байгуулагдлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2016-11-28 10:13:12

Бриллиант ТББ-аас санаачлан Хэнтий телевизтэй хамтран зохион байгуулдаг “Чингис хотын үдэш” бүсгүйчүүдийн ток шоу гурав дахь удаагаа Эзэнт гүрэн ресторанд зохион байгуулагдлаа.

Тус дугаарын зочноор Андра академийн гүйцэтгэх захирал, 2009 оны Монголын мисс, топ модел Х.Бадамгэрэл, жүжигчин, Монголын мисс П.Шүүдэрцэцэг нар оролцож, Чингис хотын бүсгүйчүүдтэй халуун дотно яриа өрнүүллээ. Мөн урилгаар УИХ-ын залуу гишүүн Д.Гантулга, Ховд аймгийн харъяат Монголын хамгийн залуу тод манлай уяач н.Батбаяр, WhyLM компанийн менежер н.Пүрэвдорж нар болон дуучин МУСТА Б.Болдбаатар, Хан Хэнтий чуулгын дуучин Ш.Уранцэцэг нар уригдан ирж ая дуугаа өргөв.

Түүнчлэн энэ удаагийн арга хэмжээг дэмжиж, Цолмон салон, Очир фитнес клуб үйлчилгээний 10 хувийн хөнгөлөлтийн картыг хүрэлцэн ирсэн бүсгүйчүүдэд бэлэг болголоо.

“Чингис хотын үдэш” арга хэмжээний гол зорилго нь бүсгүйчүүд эвлэлдэн нэгдэж, нэгэн үдэш үзэл бодол, дуу хоолойгоо нэгтгэн бүтээлчээр суралцах, манлайлагч эмэгтэйчүүдээс туршлага судлах, хамтдаа хөгжих боломжийг бүрдүүлэхэд оршиж байгаа юм.

Д.Одонтунгалаг

Холбоотой мэдээ