Сангийн яамнаас баталгаажуулсан төсвөөс нэмэгдүүлэхгүй байх зарчмыг баримталсан байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2016-11-29 13:39:33

Сэлэнгэ аймгийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”, “Аймгийн 2017 оны төсөв”-ийн төслийг өргөн барилаа.

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дөрөвдүгээр хуралдаан ирэх сарын 02-ны өдөр хуралдахаар товлогдсон байгаа. Ийнхүү тус хуралдаанаар хэлэлцэгдэх “Аймгийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”, “Аймгийн 2017 оны төсөв”-ийн төслийг өчигдөр буюу 11-р сарын 28-ны өдөр аймгийн Засаг дарга Ш.Оргил, Засаг даргын орлогч Б.Нарантуяа, Ж.Сайнцог, ЗДТГ-ын дарга Ө.Сувдаа нар аймгийн ИТХ-ын дарга Г.Бямбаад өргөн барилаа. 

Сэлэнгэ аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд нийт 245 арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Тухайлбал эдийн засаг, санхүүгийн бодлого зорилгын хүрээнд 82, хүн амын хөгжил, нийгмийн бодлогын зорилтын хүрээнд 99, засаглалын бодлогын хүрээнд 64 арга хэмжээг тус тус хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна. Сэлэнгэ аймгийн 2017 оны төсвийн тухайд орон нутгийн төсвийн төлөвлөлтийг 2017 оны Төсвийн тухай хуулийг боловсруулахад ашигласан эдийн засгийн суурь үзүүлэлтүүдийн таамаглалтай уялдуулж тооцоо судалгаагүй, бодитой бус орлого төлөвлөхгүй байхад онцгой анхаарч, Монгол Улсын нэгдсэн төсвийн алдагдлыг бууруулах бодлогыг баримталсан хэмээн аймгийн удирдлагууд хэллээ.

Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд бүх шатны төсвийн Ерөнхийлөн захирагч нарын бараа үйлчилгээний зардлыг нэг хувиар бууруулж баталжээ. Энэ нь орон нутгийн төсөвт олгох санхүүгийн дэмжлэг буурахад гол нөлөө үзүүлж байгаа аж.

Мөн Засгийн газрын чиглэл, Сангийн яамны төсвийн бодлогын дагуу 2017 оны төсвийн төсөлд аймгийн төсвийг Сангийн яамны хянаж баталгаажуулсан төсвөөс нэмэгдүүлэхгүй байх зарчмыг баримталж, шаардлагатай зардлуудыг төсвийн орлогын боломжит нөхцөл байдалд тулгуурлан тооцоолсон байна.

Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ