Сурсан мэдсэн зүйлээ бусадтайгаа хуваалцаж, туршлагаа солилцжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2016-11-29 13:41:15

Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгийн хамт олон  “Ногоон эмнэлэг-2016” чанарын өдөрлөгийг 6 дахь жилдээ зохион байгууллаа.

Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэг иргэдийнхээ эрүүл мэндийг сахин хамгаалах үүргийнхээ дагуу цаг үетэйгээ уралдан эмч мэргэжилтэнүүдийнхээ харьцаа хандлага, мэдлэг, ур чадварыг дээшлүүлэхэд анхаарч судалгааны олон ажлуудыг эмчилгээ үйлчилгээндээ нэвтрүүлэн ажиллаж байгаа аж. Түүний нэг илрэл нь энэхүү чанарын өдөрлөг юм. 2016 он гарсаар энэ төрлийн арга хэмжээг хоёр дахь удаагаа зохион байгуулж байгаа гэнэ.

Энэ удаад Мэс заслын тасгийг түшиглэн “Байгууллагын хөгжилд бидний оролцоо” уриан дор “Ногоон эмнэлэг-2016” сэдэвтэйгээр зохион явуулжээ. Энэхүү үйл ажиллагааны гол зорилго нь байгууллагаас зохион байгуулагдаж байгаа энэ ажилд тасаг нэгжүүд сурсан мэдсэн зүйлээ бусадтайгаа хуваалцах, туршлага солилцоход оршдог байна.

Сэлэнгэ аймгийн НЭ-ийн чанарын албаны дарга Ц.Сонинбаяр:”Манай эмнэлэг амбулаторийн 17 кабинет, эмчилгээний 12 тасаг нэгжээр дамжуулан анхан шатны болон хоёрдогч шатлалын нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг иргэдэд үзүүлдэг. Энэхүү мэс заслын тасагт зохион явуулсан өдөрлөг арга хэмжээн дээр мэс заслын тасгийн эмч, сувилагчийн бэлтгэсэн мэдээллүүдийг бусад тасаг нэгжийн мэргэжил нэгт нөхөд нь сонсож, шинэлэг арга хэмжээнүүдийг нь ажил үйлчилгээндээ нэвтрүүлэх туршлагаас хуваалцлаа. Ингэж чанарын өдөрлөг явуулснаар бидний ажилд илүү үр дүн харагддаг юм” хэмээн ярилаа.

Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ