Италийн хөл бөмбөгийн холбооны тэргүүн огцорчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
b.adiyakhuu@montsame.gov.mn
2026-04-03 13:55:03

МОСКВА, 2026 оны дөрөвдүгээр сарын 3 /РИА Новости/. Италийн шигшээ баг ДАШТ-2026-д оролцох боломжгүй болсны дараа Италийн хөл бөмбөгийн холбооны Ерөнхийлөгч Габриэле Гравина тус холбооны хурлын үеэр албан тушаалаасаа огцорно гэдгээ мэдэгдсэн байна.


Европ тивээс ДАШТ-2026-д оролцох багийг тодруулах нэмэлт тоглолт мягмар гарагт болж, Италийн шигшээ баг Босни ба Херцеговина улсын багт 11 м-ийн торгуулийн цохилтоор хожигдсон юм.


Италийн хөл бөмбөгийн холбооны шинэ тэргүүнийг сонгох сонгууль зургаадугаар сарын 22-нд болно.


Өдгөө 72 настай Гравина Италийн хөл бөмбөгийн холбоог 2018 оноос хойш тэргүүлжээ. Өнгөрсөн хугацаанд Италийн баг 2020 оны Европын аварга болсон боловч ДАШТ-ий финалын шатанд 2014 оноос хойш гурван удаа дараалан шалгарч чадаагүй байна.


Саяхан Италийн Спортын сайд Андреа Абоди мэдэгдэхдээ, огцрох хүсэлтээ өгөхийг Гравинад зөвлөнө гэсэн юм. Мөн телевизийн Sky Sport Italia сувгийн мэдээлснээр, Италийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Женнаро Гаттузо огцрох хүсэлтээ өгөх төлөвтэй байна.  


Түүнчлэн Италийн шигшээгийн хаалгач байсан Жанлуижи Буффон багийн төлөөлөгчдийн ахлагчаас огцорно гэдгээ нийгмийн сүлжээгээр дамжуулан мэдэгджээ. 

Холбоотой мэдээ