Дотоод орчны агаарын чанарын стандартыг баталлаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2026 оны дөрөвдүгээр сарын 22 /МОНЦАМЭ/. Айл өрх, олон нийт болон боловсролын байгууллагын барилгын дотор орчны агаарын чанарыг хянах, хүн ам, ялангуяа хүүхдийн эрүүл мэндийг агаар бохирдуулагч бодисын сөрөг нөлөөнөөс хамгаалах зорилготой Дотор орчны агаарын чанарын стандартыг (MNS:7106) Стандарт, хэмжил зүйн газраас баталлаа.
НҮБ-ын Хүүхдийн сангаас 2026 оны дөрөвдүгээр сараас мөрдөх уг стандартыг боловсруулах, батлуулах үйл явцад арга зүйн дэмжлэг үзүүлж, шаардлагатай баримт нотолгоог бүрдүүлэхэд хувь нэмэр оруулсан байна. Энэ хүрээнд хийсэн багц судалгааны үр дүн нь дотоод орчны агаарын бохирдол нь хүн ам, тэр дундаа хүүхдийн эрүүл мэндэд ноцтой сөрөг нөлөө үзүүлэх эрсдэл хэвээр байгааг харуулж байгаа юм.
Цаашид НҮБ-ын Хүүхдийн сангийнхан тус стандартыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж, хүүхэд бүрд эрүүл, аюулгүй орчин бүрдүүлэхийн төлөө ажиллахаар төлөвлөжээ.