Хэнтий нутгаас Пауэрлифтингийн Дэлхийн аварга төрлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2016-12-01 22:35:02

Хэнтий аймгийн Хэрлэн сумын харьяат ШШГА-ны дэд хурандаа З.Мөнх-Эрдэнэ WRPF “RAW” Пауэрлифтингийн тэмцээнд амжилттай оролцож, мастер нэг ангиллын -100 кг-ийн жинд хэрэглэлгүй 175 кг шахаж алт, нийлбэр өргөлтөөр алтан медаль хүртэж, Дэлхийн аварга болжээ.

Хэнтий аймгийн ШШГА-наас ажил амьдралын гараагаа эхэлсэн тэрбээр өдгөө Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Сүхбаатар аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албаны Цагдан хорих байрны даргаар ажилладаг бөгөөд 2009 оноос энэхүү спортоор хичээллэж эхэлсэн байна. 

Спортын мастер З.Мөнх-Эрдэнэ нь Пауэрлифтингийн улсын аваргын шүүгчээр олон жил ажилласан туршлагатай, өмнө нь Азийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгө, Улсын аварга шалгаруулах тэмцээнээс алт, хүчний байгууллагуудын аварга шалгаруулах тэмцээнд оролцож, олон удаа амжилт үзүүлж байсан аж. 

Пауэрлифтингийн спорт нь Монгол улсад хөгжөөд 10 гаруй жил болж байгаа бөгөөд бүх насныхан хичээллэх боломжтой хүчний гурван төрөл буюу штанктай суулт, цээжний шахалт, газраас таталт, нийлбэр дүнгээр дөрвөн медаль авах боломжтой гэдгээрээ онцлог юм. 

ОХУ-ын Москва хотноо 2016 оны 11 сарын 18-ны өдөр зохион байгуулагдсан тус тэмцээнд Монгол улсаа төлөөлөн 6 тамирчин оролцсон бөгөөд манай тамирчид мастер ангилалд алт, насанд хүрэгчдээс мөнгө, залуучуудаас мөнгө, хүрэл медаль тус тус хүртэж, 25 орноос багаараа 7-р байранд шалгарчээ.

Эгэл жирийн төрийн албан хаагч энэ залуу өөртөө зорилго тавьж, ажлынхаа хажуугаар бэлтгэл сургуулилтаа базааж, хүч хөлсөө урсгасныхаа үр шимийг хүртэж, ийнхүү Хэнтий нутгийнхаа, Монгол Улсынхаа нэрийг дэлхийн тавцанд цуурайтууллаа. 

Д.Одонтунгалаг

Холбоотой мэдээ