“Ээж будаа”-г анх удаа Ховдод тарьж туршжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2016-12-02 09:24:53

Хүний биеийн амин дэмүүдийг нэг таримал хүнснээс авч болох шинэ төрлийн таримал Кинва будаа /Ээж будаа/ гэдэг шинэ таримал нь шим тэжээлт хосгүй чанартай, манай оронд тариалж будааны хэрэгцээгээ хангах боломж олгох нөхцөлтэй нь илрээд байгаа тухай Ховд аймаг дахь Хөгжил политехник коллежийн газар тариалангийн багш, Хөдөө аж ахуйн ухааны доктор Ph.D М.Мөнхжаргал хэлж байна.

Энэ нь эх орны будааны таримлын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, цаашлаад үндэсний аюулгүй байдалд хүртэл сайн нөлөө үзүүлэх ач холбогдолтой гэнэ. 
Энэхүү кинва буюу ээж будааг Ховд аймгийн Буянт сумын Хөгжил политехник коллежийн сургалт үйлдвэрлэлийн талбайд 2016 оноос эхлэн туршиж судалгаа хийж, манай орон нутгийн хуурай гандуу нөхцөлд тариалан ашиглаж болох ирээдүйтэй таримал гэдгийг тогтоогоод байгаа нь анхдагч тариалалт  юм.

Тэр Германаас 1 кг ээж будааны үрийг 60,0 мянган төгрөгөөр худалдаж аваад түүнийгээ 30 сот газар тарьж туршсан нь  ургаж, ирэх жил дахин тарьж  будаанаас  30-40 кг үр авна гэж тооцож байна. Харин тарьсан ээж будааны үрийг манайд үр цэвэрлэх технологи орж ирээгүй учир будааны үрээ толгойн түрүүнээс салгаж, хальсаа нарийн шигшүүрээр шигшиж цэвэрлэхэд нэлээд ажиллагаа шаардагдаж байгаа гэв.

Энэ тарианы онцлог гэвэл, хүйтэн сэрүүн, халуун хуурай нөхцлийн аль алинд өлчир тэсвэртэй ургаж чаддаг, сайжруулсан хөрс бүхий нөхцөлд нэн өндөр ургац өгч чадах биологийн чадавхтай, тэжээллэг шимт чанар, эрдэс бодис, ховор амин дэм, шүвтэн хүчлийн агуулга хэмжээ, тэдгээрийн зохистой харьцаа найрлага бий болгодог бүрдлээрээ хосгүй үнэлгээ бүхий таримал аж.
Үүнийг Өмнөд Америкийн Андын өндөр ууланд амьдардаг индиан омгийнхон олон мянган жилийн турш тариалж амь зуулгын гол хүнсээ болгож ирсэн уламжлалтай.

Харин дэлхийд саяхнаас олж мэдэж судалгаа хийх болсноор энэ тарианы гайхамшигт шинж чанарыг илрүүлсэн. Ургамлын ертөнцөд шим тэжээлийн бүтэц бүрдлээрээ хаан гэж өргөмжлөгдөг. НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага /ФАО/ кинва тарианы чанарыг үнэлж бичсэн ба “энэ тариа нь хуурай сүү, түүний уураг лугаа адил зүйл” гэж тэмдэглэжээ. 
Кинва /Ээж будаа/ будаа бол үр тарианы дотроос тослогийн агууламжаар хамгийн өндөр бөгөөд лизин, метионин, цистины хэмжээгээр харьцангуй их, үл орлогдох шүвтэн хүчлийг бүгдийг нь зохистой харьцаагаар агуулсан таримал гэж Ховд аймгийн Политехник коллежийн багш  Хөдөө аж ахуйн ухааны доктор М.Мөнхжаргал ярьлаа.

Хөдөө аж ахуйн ухааны доктор М.Мөнхжаргал Монгол орны Алтайн бүсийн хөрс цаг уурын нөхцөлд тохирох шар буурцагийн сортыг шалгаруулж тарих, тохиромжтой цаг хугацаа үрийн нормыг тогтоож, усалгаа бордооны нормыг илрүүлж, тариалах технологийг бас нэвтрүүлсэн юм.

А.Бямбасүрэн

Холбоотой мэдээ