Малчин өрх бүрт зөвлөмж хүргүүлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬДундговь аймгийн Мэргэжлийн хяналтын газар малчдад хандсан зөвлөмж гаргасан байна. Дундговь аймгийн хэд хэдэн суманд хонины цэцэг өвчин, зэргэлдээ аймгийн нутаг дэвсгэр үхрийн шүлхий өвчний голомт үүсч, зун намартаа хорио цээрийн дэглэм үргэлжилсэн. Одоо отор нүүдлээр малын шилжилт хөдөлгөөн ихэсч байгаатай холбогдуулан малын гоц халдварт өвчний эрсдлээс урьдчилан сэргийлэхийг малчдад зөвлөмжөөр сануулж байгаа ажээ. Нөгөөдөр эхлэх мал тооллогын ажлын хэсгээр дамжуулан малчин өрх бүрт зөвлөмжөө хүргэх юм байна.
Зөвлөмжид, малчид, мал бүхий иргэд малдаа ямар нэг өвчний шинж тэмдэг илэрсэн үед харъяа сум, дүүрэг, багийн мал эмнэлгийн байгууллагад яаралтай мэдэгдэж дуудлага өгөх, өвчний шинж тэмдэгтэй малыг ялган тусгаарлаж, бэлчээрт явуулахгүй байх арга хэмжээ авах, малаа хоньчлон хариулж өөр айлын малтай нийлүүлэхгүй байх, мал худалдан борлуулах, отор нүүдэл хийх гэх мэтээр малын шилжилт хөдөлгөөнийг хориглохыг тусгажээ.
Мөн сумын Засаг дарга нарт амьд мал, амьтны шилжилт хөдөлгөөнд онцгой анхаарч халдварын голомттой бүсээс мал амьтан оруулахгүй байх, малын өвчинтэй тэмцэхэд шаардагдах эм, био бэлдмэлийн нөөцийг бүрдүүлж түүний чанар аюулгүй байдал, хадгалалтанд хяналт тавьж ажиллахыг үүрэг болгосон байна.
Мөн мал, амьтанд үзлэг тандалт хийж, мал, махыг тээвэрлэж дамжин өнгөрч буй тээврийн хэрэгслийн гарал үүслийн гэрчилгээтэй эсэхийг шалгах, халдварт өвчний шинж тэмдэг илэрсэн тохиолдолд мэргэжлийн байгууллагад шуурхай мэдээллэх, өвчин гарсан үед хорио цээрийн дэглэмийг тогтоох, халдварт өвчний сэжигтэй буюу халдварт болон халдваргүй өвчнөөр үхсэн малын сэг зэмийг булшлах, өвөлжөө хаваржаа, хашаа хорооны ариутгал халдваргүйтгэлийг холбогдох заавар журмын дагуу хийхийг тус тус даалгажээ.
Т. Отгонтуяа