ОУВС-гийн тэргүүнийг шүүх хурал болж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
dorjkhand@montsame.mn
2016-12-13 10:59:58

ПАРИС. /Xinhua/. Бизнесийн магнат Бернар Тапитай холбоотой 2008 онд дэгдсэн хэрэгт холбогдуулан Олон улсын валютын сангийн /ОУВС/ тэргүүн Кристин Лагардыг шүүх хурал даваа гарагт эхэлжээ.

Засгийн газрын албаны хүмүүстэй холбоотой шүүх хурлуудыг хариуцдаг Францын Шударга ёсны шүүх өдгөө 60 настай Лагардыг төсвийн мөнгөний зарцуулалтад хайнга хандсан хэрэгт буруутгаж байна.

Хэрвээ гэм буруутай нь тогтоогдвол 2007-2011 онд Францын Сангийн сайдаар ажиллаж байсан Лагардад нэг жил хүртэлх хугацаагаар хорих ял оноох эсвэл 15 мянган еврогийн торгууль ногдуулах ажээ.

Хорих ял оноосон тохиолдолд Лагард ОУВС-гийн тэргүүний албан тушаалаас огцрохоос аргагүйд хүрнэ. Тэрбээр 2011 онд Доминик Страус Каны халааг аван ОУВС-гийн гүйцэтгэх захирал болсон билээ.

Спорт хувцас үйлдвэрлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Adidas” компанийг худалдан авах асуудлаар Францын “Credit Lyonnais” компанитай 2008 онд үүссэн маргааныг шийдвэрлэн Бернар Тапи-д 405 сая еврогийн нөхөн төлбөр олгоход өөрийн нэр нөлөөг ашиглаж, гар бие оролцсон гэх хэрэгт холбогдуулан Лагардыг 2011 оны наймдугаар сараас хойш байцаан шалгаж байсан юм.

ОУВС-гийн тэргүүнийг шүүх хурал энэ сарын 20-ныг хүртэл үргэлжлэх ажээ.

Г.Доржханд

 

Холбоотой мэдээ