Өлзийт сумынхан тэмээн сүргээ нэг түм хол давуулан өсгөжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬЭнэ онд Дундговь аймгийн бүх сум тэмээн сүргийнхээ тоо толгойг өсгөсөн байна. Нийт 33 мянга 660 гаруй мянган тэмээ тоолуулсанаас хамгийн олон буюу 10 мянга 980 толгой тэмээг Өлзийт сумынхан тоолуулжээ.
Өлзийт сумын малчид 1976 онд тэмээгээ хоёр түмд хүргэж, түмэн тэмээний баяр хийж байсан түүхтэй. Харин нэгдэл тарж, мал сүрэг хувьд шилжсэн үеэс тэмээн сүргийн нь тоо толгой 3 мянга гаруйд хүртлээ цөөрсөн байдаг. Жил тутамд цөөрч байгаа тэмээн сүргээ өсгөхийн тулд 2005 оноос эхлэн тэмээгээ өсгөсөн тоо толгой тутамд 10 мянган төгрөгийн урамшууллыг малчиддаа олгодог болсон нь үр дүнгээ өгч жил тутамд тэмээний тоо толгой эргээд өсч эхэлсэн байна. Өнгөрсөн онд гэхэд 1200 толгойгоор тэмээн сүрэг нь өсч, 9800 тэмээ тоолуулсан бол энэ онд ийнхүү түм хол давуулан өсгөжээ.
Өлзийт сумын дараа Хулд сум 5559, Дэлгэрхангай 4646, Өндөршил сум 2054 тэмээ тоолуулан жагсч байна. Үлдсэн 6 сум 158- 902, 5 сум 1100- 1894 тэмээ тоолуулсан бөгөөд урьд оныхоос нийтдээ 2900 шахам толгойгоор тэмээн сүрэг өссөн байна.
Аймгийн Засаг дарга тэмээний амьдын ашиг шимийг нэмэгдүүлж, тэмээгээ өсгөсөн сум баг малчдыг дэмжин ажиллахаар 2020 он хүртэлх үйл ажиллагааныхаа хөтөлбөрт тусгасан. Тэгэхээр Дундговь аймгийн тэмээн сүрэг цаашид тогтмол өсөхөөр байгаа юм.
Т. Отгонтуяа