Өрхийн эмнэлгүүдэд амны хаалт тараав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2016-12-22 10:50:23

Нийслэлийн Эрүүл мэндийн газраас агаарын бохирдол ихтэй, гэр хорооллын 70 гаруй өрхийн эрүүл мэндийн төв /ӨЭМТ/-д амны хаалт тарааж эхэллээ.

Эхний ээлжинд өчигдөр НЭМГ-ын дарга Л.Төмөрбаатар болон албаны хүмүүс Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны ӨЭМТ-д очиж, тус бүрт нь 300-400 ширхэг амны хаалт олгосон байна. Агаарын бохирдол ихтэй, амьсгалын замын халдварт өвчний тархалт нэмэгдэж байгаа энэ цаг үед амны хаалтыг өдөр тутмын хэрэглээ болгон хэвшүүлж, эрүүл мэндээ хамгаалах нь хамгийн чухал арга гэдгийг НЭМГ-ын дарга Л.Төмөрбаатар онцлон санууллаа. Тэрбээр “Эцэг эхчүүд өөрсдийн төдийгүй үр хүүхдийнхээ эрүүл мэндийн төлөө анхаарал тавьж, амны хаалтыг тогтмол хэрэглэх хэрэгтэй. Ялангуяа өглөө оройд ажил сургуульдаа ирж очих, нийтийн тээврээр зорчихдоо амны хаалт зүүж хэвших нь чухал” гэв.

Агаарын бохирдлоос хамгаалах болон амьсгалын замын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх гол аргуудын нэг нь амны хаалтыг тогтмол хэрэглэх явдал юм. Нийслэлд агаарын бохирдлын түвшин 12, 1 дүгээр сард хамгийн өндөр хэмжээнд хүрдэг тул энэ үеэр амьсгалын замын өвчлөл, ялангуяа томуу болон томуу төст өвчний тархалт эрс нэмэгдэх хандлагатай байдаг.

“Оюу толгой” ХХК-иас нийгмийн үүрэг хариуцлагынхаа хүрээнд 20 мянган ширхэг амны хаалтыг НЗДТГ, Нийслэлийн Эрүүл мэндийн газарт олгосон байна.

Амны хаалтыг ӨЭМТ-ийн эмч, ажилтнууд болон тухайн хороонд амьдарч буй жирэмсэн эхчүүд, уушгины болон гуурсан хоолойн архаг үрэвсэлтэй, амьсгалын замын өвчлөлд өртөх эрсдэл бүхий иргэдэд тараах аж.

Ж.Болор

 

 

Холбоотой мэдээ