Далай ламын айлчлалаас сургамж авахыг БНХАУ уриаллаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ДЭЛХИЙД БИДНИЙ ТУХАЙ
dorjkhand@montsame.mn
2016-12-22 12:35:59

БЭЭЖИН. /Xinhua/. Далай ламыг дахин урин залахыг зөвшөөрөхгүй гэсэн амлалтандаа хүрэхийг БНХАУ лхагва гарагт Монголд дахин уриаллаа.

Хятад улсын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Хуа Чуньин мэдэгдэхдээ “өнгөрсөн сард Далай ламын хийсэн айлчлалаас Монгол Улс сургамж авч, Хятад улсын үндсэн ашиг сонирхлыг хүндэтгэнэ гэдэгт БНХАУ найдаж байна” гэжээ.

Далай ламын айлчлал Монгол-Хятадын харилцаанд сөргөөр нөлөөлсөнд харамсч байгаагаа Монгол Улсын Гадаад хэргийн сайд Ц.Мөнх-Оргил мягмар гарагт илэрхийлсний сацуу “шашны зорилгоор ч байсан гэлээ Далай ламыг Монголд цаашид дахин урьж залахыг Засгийн газар зөвшөөрөхгүй” гэсэн юм.

Хэвлэлийн төлөөлөгч Хуа цааш нь хэлэхдээ “Монголын Гадаад хэргийн сайдын сүүлд хийсэн мэдэгдэлд Хятад улс чухал ач холбогдол өгч байна ... энэ амлалтандаа хүрч, хоёр талын харилцааг сайжруулахын төлөө хүчин чармайлт гаргахыг Монгол Улсад БНХАУ уриалж байна” гэжээ.

Шашны нэр барин Түвдийг Хятадаас салан тусгаарлахыг оролддог гэгдэж буй улс төрийн цөллөгдөгч Далай лам өнгөрсөн 11 дүгээр сарын 18-23-нд Монголд айлчилсан билээ.

Түвдтэй холбоотой асуудлууд нь БНХАУ-ын тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдалтай салшгүй холбоотой бөгөөд Хятад улсын үндсэн ашиг сонирхлын нэг хэсэг юм гэж хэвлэлийн төлөөлөгч хэлээд "эдгээр асуудалд Хятад улс шийдвэртэй бөгөөд тов тодорхой байр суурь баримталдаг" гэжээ.

Г.Доржханд

 

Холбоотой мэдээ