МОНЦАМЭ агентлагийн 2016 оны шилдгүүд тодров

МОНГОЛЫН МЭДЭЭ
boloroo8136@gmail.com
2016-12-24 16:48:02

Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн Шинэ жилийн баярын цэнгүүн "Thai Fi" ресторанд энэ сарын 23-нд болж 2016 онд ажил хөдөлмөрөөрөө манлайлсан шилдгүүдээ тодрууллаа.

МОНЦАМЭ агентлагийн дарга Б.Ганчимэг баярын цэнгүүнийг нээж  хэлсэн үгэндээ,

“Улиран өнгөрч буй 2016 онд Үндэсний мэдээллийн ууган байгууллага МОНЦАМЭ агентлаг хийсэн ажилтай хэлэх үгтэй,  түүхт үйл явдлаар дүүрэн байлаа. УИХ, Орон нутгийн ээлжит сонгууль, АСЕМ-ийн дээд уулзалтын мэдээллийн гол түшиц газар болж амжилттай ажиллав. Таван хэлээр гардаг сайт, сонин,  Монта студиэр дамжуулан сурталчилж, Дэлхийг Монголд, Монголыг Дэлхийд таниулах үүргээ нэр төртэй гүйцэтгэсэн. Тиймдээ  ч мэргэжлийн байгууллага МСНЭ-ээс МОНЦАМЭ агентлагийн вэб сайт "montsame.mn"-ийг 2016 оны шилдэг сайтаар шалгаруулсныг  тэмдэглэн хэлэх нь зүйтэй болов уу.

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат манай агентлагийн үйл ажиллагаатай танилцаж статусыг тодорхой болгохоор холбогдох албаны хүмүүст үүрэг даалгавар өгсөн. Миний хувьд агентлагийнхаа статусыг тодорхой болгохын төлөө ажиллах болно" гээд нийт уран бүтээлчдэд амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөв.

2016 онд ажил хөдөлмөрөөрөө манлайлсан ажилтан албан хаагчдаа тодруулан шагнаж урамшууллаа.

Агентлагийн дээд шагнал “Алтан дүрэм”-ийн эзнээр Дотоод мэдээний Хариуцлагатай редактор Д.Догсмаа тодорсон бол Шилдэг редакциар “Гадаадад мэдээлэх редакци” шалгарав.

Харин “Дотоод сурталчилгааны шилдэг ажилтан”-аар “Хүмүүн бичиг” сонины сурвалжлагч Т.Түмэндэмбэрэл,  “Гадаад сурталчилгааны  шилдэг ажилтан”-аар “Монгол мессенжер”сонины орчуулагч, редактор Х.Аминаа нар шалгарсан.

МОНЦАМЭ агентлагийн хамт олныг чадварлаг зангидан ажиллаж буй орлогч дарга Ш.Батболд Захиргаа, хүний нөөцийн хэлстийн шилдгээр шалгарсан бол бусад хэлтэс, редакциудын шилдгээр Санхүү маркетингийн хэлтсийн дарга С.Золзаяа, хэвлэгч Д.Дунгармаа, үйлчлэгч  Я.Байгалмаа, Гадаад мэдээний редакцийн Хариуцлагатай редактор Б.Адьяахүү, “Мэнгу Сяошибао" сонины хариуцлагатай нарийн бичгийн дарга Б.Мөнхтуул, “Монгору цушин” сонины Хариуцлагатай нарийн бичгийн дарга Х.Арвис, “Новости Монголии” сонины хариуцлагатай нарийн бичгийн дарга Б.Ариунбаяр, Гадаадад мэдээлэх редакцийн орчуулагч Б.Амарсайхан, Англи хэвлэлийн нэгдсэн редакцийн орчуулагч Ц.Балжмаа, Гэрэл зургийн албаны дарга Б.Чадраабал, Эх бэлтгэл, дизайны албаны дизайнер Н.Гал-Ундрах, Техник үйлдвэрлэлийн хэлтсийн вэб хөгжүүлэгч С.Мөнхтулга, Сэлэнгэ аймаг дахь сурвалжлагч Ч.Отгонцэцэг нар тодорч өргөмжлөл, мөнгөн шагналын эзэд болов.

Мөн МЗХ-ны “Тэргүүний залуу” алтан медиалиар Олон нийтийн мэдээллийн ажилтан А.Саранцэцэг, “Тэргүүний залуу сэтгүүлч”-ээр “Мэнгу сяошибао” сонины орчуулагч редактор С. Мягмардулам нар тус тус энгэрээ мялаасан юм. МОНЦАМЭ агентлагийн Шинэ жилийн цэнгүүнд МУГЖ  дуучин Т.Ариунаа  хүрэлцэн ирж ая дуугаа өргөсөн  нь баяр дээр баяр нэмэв.

Ж.Болор

Гэрэл зургийг Н.Чадраабал

Холбоотой мэдээ