Австралийн усны менежментээр туршлага судалсанаа ном болгон хэвлүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2017-01-05 09:03:55

Дундговь аймгийн Засаг дарга асан, доктор Ph.D Д. Чандмань “Усанд морьтой мөнхөрсөн О Коннор ба Австрали улсын усны менежмент” хэмээх ном хэвлүүлжээ. Австрали улсын Засгийн газрын Усны департаментын урилгаар Монгол Улсын усны мэргэжилтнүүд өнгөрсөн жил тус улсад туршлага судлаад ирсэн байна. Туршлага судлах аялалын тэмдэглэлээ ийнхүү ном болгон хэвлүүлжээ.

Тэрээр хэлэхдээ, усжуулалтын алдарт инженер О Коннорын амьдралын нэгээхэн хэсэг буюу түүний Австрали улсад хийсэн томоохон бүтээн байгуулалт болох төмөр зам, Мандаринг далан, Калагурлийн цөлийг усжуулсан алдарт алтан хоолойн төсөл, О Коннор морьтойгоо далайн усанд мөнхөрсөн бодит түүх,  баруун Автсрали улс  усны менежментээ цогцоор нь хэрхэн шийдсэн талаар үзэж харсанаа номондоо бичсэн. Хэдийгээр аян замын тэмдэглэл боловч усны менежментээс олж харах шинэ шинэ санааг тусгасан гэлээ.

Баруун Австралийн эдийн засгийн 90  хувь уул уурхай, эрчим хүчний үйлдвэрлэлээс бүрддэг. Усны хэрэглээний дийлэнх буюу 32 хувь уул уурхайд ногддог бөгөөд уул уурхайн компаниудад ашигт малтмалын нөөцөө ил тод байлга, усаа дахин ашигла, эдийн засгийн эргэлтэд зөв оруул гэсэн үүргийг Засгийн газраас өгч ажилладаг байна. Усны менежмент нь 1914 онд батлагдсан ганцхан хуулиар зохицуулагдаж байгаа нь гайхалтай санагдсан тухайгаа доктор Д.Чандмань сонирхууллаа.

Тэрээр одоо Алтайн өвөр говийн сав газрын захиргааны даргаар ажиллаж байгаа юм .

Т. Отгонтуяа           

 

Холбоотой мэдээ