Гурван канад хүн тутмын нэг нь ДАШТ-ний финалыг үзжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
adiyakhuu@montsame.mn
2017-01-07 12:25:38

МОСКВА./TASS/. 20 хүртэлх насны залуучуудын дунд болдог хоккейн ДАШТ-ний финалын тоглолтыг 11,1 сая хүн үзсэн тухай Канадад болсон уг тэмцээнийг шууд дамжуулсан телевизийн ТSN суваг мэдээллээ.

11 сая хүн гэдэг бол Канадын хүн амын бараг гуравны нэг нь юм.

Баасан гарагийн шөнө болсон финалын тоглолтод америкчууд Канадын багийг торгуулийн цохилтоор /5:4/ ялж, дөрөвдэх удаагаа дэлхийн аварга цолыг хүртсэн билээ. Харин хүрэл медалийн төлөөх тоглолтод Оросын баг шведүүдийг нэмэлт цагт 2:1 харьцаагаар хожсон юм.

Аваргын төлөөх тоглолтод Америкийн багийн довтлогч Трой Терри тоглолтын хувь заяаг шийдвэрлэх торгуулийн цохилтыг /буллит/ гүйцэтгэх мөчийг 7,2 сая хүн телевизээр үзсэн гэнэ.

Харин TSN  сувгийн шууд дамжуулсан ДАШТ-ний тоглолтуудыг нийтдээ 17,2 сая хүн үзжээ. Үүний сацуу спортын шууд нэвтрүүлгийг интернэтээр үздэг хүмүүсийн тоо эрс өссөн байна. Тухайлбал, залуучуудын хоккейн ДАШТ-ний плей-оффын тоглолтуудыг интернэтээр үзсэн үзэгчдийн тоо өнгөрсөн оныхоос 173 хувиар өссөн бол финал болон хүрэл медалийн төлөөх тоглолтыг үзсэн хүмүүсийн тоо 272 хувиар нэмэгджээ.  

Б.Адъяахүү 

Холбоотой мэдээ