Өндөр настны хүсэлтийг шийдвэрлэж өгчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛДархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр багийн өндөр настан эдүгээ 89 настай Ш.Намжилсүрэн нь харж хандах хүнгүй, өөрийн гэсэн орон гэргүй учир 2015 оноос аймгийн Нийгмийн Халамж үйлчилгээний хэлтэс, оршин суугаа баг, сумын удирдлагуудад удаа дараа хандаж улсын асрамжийн төвд очих хүсэлтээ гаргасан.
Гэвч тэтгэврийн дэвтрээ барьцаалж зээл авсаны улмаас асрамжийн газарт очих боломжгүй байсан тул эхний ээлжинд аймгийн Засаг дарга С.Насанбат 200 мянган төгрөгийн мөнгөн тэтгэмжийг тусламж болгон өгч байжээ. Тэрбээр шинэ оны босгон дээр аймгийн Засаг даргын Нийгмийн бодлого, төсөл хөтөлбөр хариуцсан орлогч А.Түвшинбаттай уулзаж асрамжийн газарт очих хүсэлтээ дахин тавьсныг шуурхай шийдвэрлэж аймгийн Засаг даргын захирамж болон шаардлагатай бусад бичиг баримтыг бүрдүүлж зээлийн асуудлыг шийдэж өгөхөөр Төрийн банк болон ТББ-уудад хандаж дэмжлэг үзүүлэхийг аймгийн ЗДТГ-ын Нийгмийн Бодлогын хэлтсээр дамжуулж уриалсан байна.
Уг саналыг Дархан сумын НАМЗХ-ны тэргүүлэгчид хүлээн авч долооны бямба гарагт 500 мянган төгрөгийн хандивыг иргэн Ш.Намжилсүрэн гуайд гардуулж өглөө. Эмзэг бүлгийн гэр оронгүй өндөр настан Ш.Намжилсүрэн аймгийн удирдлагуудад ийнхүү хандсанаар Төрийн банкнаас авсан тэтгэврийн зээлээ чөлөөлж Төв аймгийн Батсүмбэр дэх асрамжийн газарт очих боломжтой болжээ.
Б.Норовсамбуу