ЕХ-ны удирдагчид дүрвэгсдийн асуудлыг хэлэлцжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
jargal@montsame.mn
2015-10-16 11:12:51

БРЮССЕЛЬ. /АР/. Бельгийн нийслэл Брюссельд хотод болсон Европын Холбооны /ЕХ/ дээд хэмжээний уулзалтын үеэр тус холбооны удирдагчид дүрвэгсдийн асуудлыг шийдэхэд хэд хэдэн арга хэмжээ авахаар тохиролцсон байна. Энэ тухай Европын зөвлөлийн дарга Дональд Туск мэдэгджээ.

Турк, Иордан, Ливан зэрэг дүрвэгсдийг хүлээн авч байгаа орнуудад ЕХ-ны орнуудын зүгээс тусламж үзүүлэхийг Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд санал болгосон байна.

Тухайлбал, Турк улсад 3 тэрбум еврогийн тусламж үзүүлэх, мөн энэ асуудлаар Анкарагийн тусламжийн хариуд цаашид визийн дэглэмийг хөнгөвчлөхөө ЕХ амлажээ. ЕХ-ны удирдагчид мөн Сирийн хоёр сая дүрвэгчийг Туркт үлдээхийн тулд  амьдрал ахуйг нь сайжруулах төлөвлөгөөг батлах талаар тус улсын Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдогантай тохиролцсон болохыг мэдэгдсэн байна.

Харин Унгарын эрх баригчид Хорваттай залгаа хил дээр өргөст төмөр хаалт барих ажил нь дуусч байгаа бөгөөд дүрвэгсэд улс оронд нь чөлөөтэй нэвтэрч буйг зогсоох зорилгоор хилийн энэ хэсгийг  хаах шийдвэрийг удахгүй гаргана гэдгээ мэдэгдсэн байна.

Үүний сацуу, дүрвэгсэд олон улсын эрхийн хүрээнд онцгой эрхтэй бөгөөд бүх цагаач хүний эрхээ хамгаалуулах баталгаатай байх ёстой гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн Италийн парламентад үг хэлэхдээ мэдэгджээ.

Түүний хэлснээр, дүрвэгсдийг зөвхөн Итали, Грекийн хилийн бүсэд бус ЕХ-ны бүх оронд байрлуулах ёстой.

Энэ онд дүрвэгсэд олноороо ирсний улмаас ЕХ-нд хямрал үүссэн. Европын орнуудад ирж буй дүрвэгсдийн дийлэнх нь 2011 оноос хойш иргэний дайны хөлд дарагдсан Сирийн иргэд юм. Иргэний дайн дэгдсэнээс хойш тус улсын 507 мянга гаруй иргэн Европын орнуудад түр оршин суух эрх олгох хүсэлт тавьжээ.

Д.Жаргал

Холбоотой мэдээ