Увс аймгийн мал сүрэг 55 мянган толгойгоор өсчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС2016 оны мал тооллогын дүн эцэслэн гарч, Увс аймгийн мал сүрэг 2 сая 784.1 мянган толгойд хүрээд байна.
Энэ нь өмнөх оноос 55 мянган толгойгоор буюу 2 хувиар өссөн үзүүлэлт юм. Увс аймаг малын тоогоороо улсад 13-р байр, баруун бүсдээ дөрөвдүгээр байранд орсон аж.
Сүрэгт, адуу, үхэр, хонины эзлэх хувь 0,1-0,4 пунктээр өсч, ямааны эзлэх хувь 0,7 хувиар буурч, харин тэмээний эзлэх хувь өнгөрсөн оны түвшинд байжээ. Хамгийн олон малыг Тэс, Наранбулаг, Өмнөговь, Хяргас, Өндөрхангай сумд тоолуулсан байна. Харин хамгийн олон адуу, үхрийг Улаангом сумын 8-р баг, хамгийн олон тэмээг Завхан сумын Айраг нуур баг, хамгийн олон хонийг Наранбулаг сумын Хужирт баг, хамгийн олон ямааг Өмнөговь сумын Орлого баг тоолуулжээ.
Аймгийн хэмжээнд 8,6 мянган малчин өрх, 17,5 мянган малчид байгаа бөгөөд үүний 6,4 мянган 15-34 насны, 9,4 мянган 35-59 насны, 1,7 мянган 60 ба түүнээс дээш насны малчид байна. Малтай өрхийн тоо 12,6 мянга болж, үүнээс 200 хүртэл малтай 7,8 мянган өрх байгаа аж. Увс аймагт мянгаас дээш малтай өрхийн тоо 324 болж, өмнөх оноос 20 өрхөөр нэмэгдсэн байна.
Б.Батхүү