Тархийг цэвэрлэгч эсүүд шинэчлэгддэг болохыг тогтоожээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
adiyakhuu@montsame.mn
2017-01-16 11:35:22

МОСКВА./TASS/. Тархин дотор “эмх цэгцтэй байдал”-ыг бий болгож, “зөрчил гаргагчдыг идэж устгах” үүрэгтэй тархины эсүүд нь хүний амьдралын хугацаанд хэд хэдэн удаа шинэчлэгддэг байна. Үүнийг Саутгэмтоны их сургуулийн эрдэмтэд олж тогтоожээ.

Эдгээр эсийн амьдрах мөчлөгийг тодорхойлсноор Альцгеймерийн өвчин болон бусад төстэй өвчнөөр шаналж буй хүмүүст туслах боломж бий болох юм.

Эрдэмтэд тархины холбогч эс болох микроглияг судалсан байна. Энэ эс нь тархийг байнга “сканнердаг” бөгөөд нэг ёсондоо тархийг цэвэрлэгч юм. Өмнө нь эрдэмтэд төсөөлөхдөө, микроглия нь маш удаан шинэчлэгддэг учраас хүний нас хүрэлцэхгүй гэж үздэг байжээ. Гэтэл одоо хүний амьдрах хугацаанд шинэчлэлийн бүхэл бүтэн зургаан мөчлөг явагддаг болохыг тогтоосон гэдгийг дээрх судалгааг удирдсан Диего Гомес-Никола дурдлаа.

Судалгааны багийнхны хийсэн нээлт нь тархины судасны түгээмэл хатуурал, Альцгеймерийн болон Паркинсоны өвчин зэргийг эмчлэхэд ахиц дэвшил гаргана гэж эрдэмтэд найдаж байна.

Судалгааны тайланг “Cell Reports” сэтгүүлд нийтэлжээ.

Б.Адъяахүү

Холбоотой мэдээ