Хилчдэд дүрс бичлэгийн нисдэг аппарат олгохоор боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-01-16 12:55:02

Булган аймгийн зүгээс хил хамгаалалтад орчин үеийн техник технологийн дэвшлийг ашиглаж, хамгаалалтын үр дүнг нэмэгдүүлэх зорилгоор дүрс бичлэгийн нисдэг аппаратыг шийдвэрлэж өгөхөөр болжээ.

Хил хамгаалахад туслах хүчний зөвлөлийн хурлын үеэр энэ тухай танилцуулсан байна.

Тус аппарат нь цэнэгээ нэлээд хэдэн цагаар барьдаг. Хааш хаашаа 3,4,5,7 км гэх мэтчилэн зайд болж байгаа үйл явдлыг харуулах чадвартай төхөөрөмж юм байна. Чанар хурдаасаа шалтгаалан 3 саяас дээш үнэтэй гэнэ.

Засаг даргын нөөцийн сангаас төсөвт өртгийг нь гаргахаар тус аппаратыг судлахаар болжээ. Булган аймгийн Тэшиг сумын хил дээр 5 застав ажиллаж байна. Яг хилийн зурвас газар уулархаг, шигүү модтой учраас хил хамгаалагчид явган, морьтой явж хилээ эргэх, зөрчил гарсан үед гэмт этгээдийг хөөх зэрэгт хүндрэл гардаг учраас энэхүү нисдэг аппарат хил хамгаалагчдад маш их хэрэгтэй зүйл ажээ.

Аймгийн Цагдаагийн газрын, Онцгой байдлын газрын, Тагнуулын газрын, Эрүүл мэндийн газрын, Хууль зүйн хэлтсийн дарга нар болон бусад гишүүд оролцсон тус зөвлөлийн хурлын үеэр өнгөрсөн онд хийж гүйцэтгэсэн ажлаа тайлагнаж, энэ онд хэрхэн хамтарч ажиллах, цаашид тулгарч буй бэрхшээлийг ямар замаар даван туулах тухай ярилцжээ.

                                                                                                                                  П.Батням

                                                                                                                                                                                        

Холбоотой мэдээ