Монголбанкнаас эссэ бичлэгийн уралдаан зарлалаа

Монголын мэдээ | Эдийн Засаг
ariunzaya@montsame.mn
2017-01-17 18:11:08

Монголбанкнаас  “Монгол Улсын хүрэх ёстой хөгжлийн түвшин, үүнд иргэн хүний оруулах хувь нэмэр” сэдэвт эссэ бичлэгийн уралдаан зарлалаа.

 Эдийн засгийн өсөлт, улс орны хөгжил нь нэг талаас иргэдийн амьжиргааг дээшлүүлэх эерэг нөлөөтэй. Харин нөгөө талаас байгаль орчны бохирдол, илүү завгүй бөгөөд стресстэй нийгмийг бий болгосон жишээ олон.

Тэгвэл “Монгол Улс цаашид хэр өндөр түвшний хөгжилд хүрэх нь зөв бэ? Тэрхүү зорилгод хүрэхэд иргэд ямар нийтлэг үнэлэмж, зорилготой байх вэ? Иргэн хүн ямар хувь нэмэр оруулах ёстой вэ?”зэрэг асуудлын хүрээнд өөрийн бодлоо эссэнд тусгах юм байна.

 Эссэг 800-1000 үгэнд багтаан Монгол хэлээр бичих, үг үсэг болон утга найруулгын алдаагүй байх шаардлага тавьжээ.

Түүнчлэн өгсөн сэдвийн хүрээнд бодитой мэдээллийг ашиглаж, баримтаар баталгаажуулсан, энгийн ойлгомжтой, сонирхолтой байдлаар бичсэн эсэхийг харгалзан эхний 3 байрыг шалгаруулна. Дүнг хоёрдугаар сарын 22-нд зарлаж, эхний байрт 300 мянган төгрөг II байрт 150 мянган төгрөг III байрт 100 мянган төгрөг,  өргөмжлөл, мөнгөн шагнал гардуулах юм байна. Эссэг ирэх хоёрдугаар сарын 13-ныг хүртэл цахим хэлбэрээр communication@mongolbank.mn хаягаар болон Монголбанкны Олон нийтийн боловсрол, мэдээллийн төвд  хүлээн авах юм байна.

 Б.Заяа

Холбоотой мэдээ