Агэтава Хиронобу: Монгол Улс тээврийн дэд бүтцээ  хөгжүүлбэл  олон улсад өрсөлдөх чадвар нь өснө

Монголын мэдээ
ariunzaya@montsame.mn
2017-01-17 18:39:34

“ЖАЙКА” олон улсын хамтын ажиллагааны агентлагаас “Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчин, түүнийг идэвхжүүлэх” судалгаа хийжээ.

Өнөөдөр тус судалгааны дүнг “Туушин” зочид буудлын хурлын танхимд болсон уулзалтаар бизнеснийхэнд танилцууллаа.

"Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчин, түүнийг идэвхжүүлэх” судалгааг Японы хувийн хэвшлийн компаниудад Монгол Улсын хөрөнгө оруулалт, бизнесийн орчны талаар тодорхой мэдээлэл өгөх, тэднийг Монголд бизнесээ өргөжүүлэхэд хувь нэмэр оруулахад хөшүүрэг болохоос гадна монголчуудад зөвлөмж болоход тусална хэмээн  Судалгааны багийн ахлагч илтгэгч Агэтава Хиронобу онцолсон юм.

Судалгааг 2015 оны 12 дугаар сараас эхлэн нэг жилийн хугацаанд хийжээ. Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчин, түүнийг идэвхжүүлэх” судалгааны талаар Судалгааны багийн ахлагч илтгэгч Агэтава Хиронобугаас дараах асуултад хариулт авав

-2011 он бол монголчуудын хувьд сэргэн мандалын үе гэж хэлж болно. Уул уурхайн салбарт хөрөнгө оруулалтын шинэ давалгаа үүсч, эдийн засаг хурдацтай тэлж байлаа. Харин та бүхэн эдийн засаг сааралттай үед Монголын хөрөнгө оруулалтын орчныг судалжээ. Судалгааны үр дүнгийн талаар яриагаа эхлэх үү?

- Токио хотноо 2015 оны 11 дүгээр сард  болсон Монгол-Японы компаниудын  уулзалтаар   Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчинд судалгаа хийхээр талууд тохиролцсоноор өнөөдөр ажил хэрэг болоод байна. 
Монгол-Японы бизнес эрхлэгчдийн дунд  хэлэлцүүлэг семинарыг хоёр удаа зохион байгуулж, Монголын аж үйлдвэрийн чиг хандлага, уул, уурхай хүнд үйлдвэр, хөдөө аж ахуй хүнсний үйлдвэрлэл, ноос ноолуур аялал жуулчлал,  зах зээлийн танилцуулга, эдийн засгийн хөгжлийн бодлого, компани байгуулах явц, бизнесийн өртөг зэрэг сэдвээр хэлэлцүүлэг зохион байгуулж, Монгол  Улсын давуу болон сул талыг судалгаагаар харуулахыг зорилоо.  Давуу тал нь  газрын доорх болон газрын дээрх баялгийн арвин нөөцтэй орон.   Газар нутгийн 80 хувийг газар тариалан, мал аж ахуйг хөгжүүлэхэд ашиглах боломжтой. Монголын ноолуур дэлхийн 30 хувийг, тэмээний ноос 50 хувийг хангах бололцоо байна. Мөн 56 сая малтай монголчууд  махны сэргээгдэх арвин нөөцтэй гэдгээрээ давуу юм. Сул тал гэвэл хүн ам цөөтэй учир бараа бүтээгдэхүүний борлуулалт хязгаарлагдмал, тархай бутархай суурьшмал байдал нь тээвэрлэлтийн зардал өндөр гарахад нөлөөлж байна. Тиймээс зөвхөн Улаанбаатарт бизнес өргөжих боломжтой. Түүнчлэн Улс төрийн тогтворгүй байдал хөрөнгө оруулалтын орчинд нөлөөлж байна. Нэг нам эрх барихад өмнөх ажиллагаа нь алдагдаж, Төрийн байгууллагуудын бүтэц зохион байгуулалт өөрчлөгдөн ялангуяа том төсөл хэрэгжих  явц удааширч байгаа сул тал бий. 

-Тэгвэл Монголын бизнесийн орчны хамгийн том давуу тал нь юу байна?

-Татварын хувьд ижил төстэй Азийн орнуудаас бага байгаа нь хөрөнгө оруулагчдын сонирхлыг ихэд татдаг. Энэ хэрээрээ татварын орчин таатай орны тоонд багтаж байгаа. 2015 оны Татварын хуулийн шиэнчлэл "e-Tax" системийг нэвтрүүлснээр Олон улсын татвар төлөлтийн жагсаалтаар  73 орноос 35 дугаарт жагсаж урагшилсан нь томоохон ахиц гарсныг илтгэсэн. Харьцангуй шинээр хөгжиж буй зах зээл болохоор өрсөлдөөн багатай, бизнесийн боломж ихтэй гэсэн үр дүн бидний хийсэн судалгаагаар гарсан.

-Монгол Улс хоёр том гүрэнтэй хиллэдэг. Энэ хэрээрээ хоёр хөрштэй хийх худалдаа, эдийн засаг хөгжсөн. Харин өнгөрсөн долдугаар сараас Монгол-Японы Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр хэрэгжиж эхэлснээр бизнесийн харилцаа өргөжих боломж нээгдсэн?

-Япон улсын хувьд Монгол Улстай бизнес эрхлэхэд соёлын хувьд ойролцоо гэдгээрээ давуу талтай. Монголчууд манай улстай найрсаг дотно харилцаатай, Японд элэгтэй ард түмэн. Сумо бөхөөр дамжуулан манай ард түмэн монголчуудад илүү дотно болсон. Японд суралцаж буй монгол оюутны тоо 1548 болсон гээд бидний харилцаа өргөжиж буйг олон салбараас харж болно. Улаанбаатарын авто машины дийлэнх нь Японы Тоёото маркийнх байх жишээтэй. Хэлэлцээрийг өргөжүүлэхэд бидний хийсэн суурь судалгаа хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна. Японы компаниуд монголын хөрөнгө оруулалт, бизнесийн орчин, эдийн засгийг сайн мэдэхгүй байсан учир “Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчин, түүнийг идэвхжүүлэх” судалгааг хийснээ дээр дурьдсан. Хамгийн түрүүнд худалдаа, эдийн засгийг өргөжүүлэхэд хоёр талын бизнесийнхэн бүх талын мэдээлэлтэй байх ёстой. Мэдээлэлгүйгээр аливаа ажил урагшлахгүй. Тиймээс нэгдсэн мэдээллийг бий болгох нь зөв гэж үзээд энэхүү судалгааны ажлыг эхлүүлсэн. Энэ онд судалгааг үндэслэн Монголын хөрөнгө оруулалт бизнесийн орчин, эдийн засгийн нөхцөл байдлын талаарх мэдээллийг Японы компаниудад өгнө. Мөн Монгол Улсын Засгийн газар болон хувийн хэвшлийнхэнд зөвлөмж гаргаж хүргүүлнэ. “ЖАЙКА” байгууллага цаашдынхаа хөтөлбөрт судалгааны үр дүнг тусгаж ажиллахаар төлөвлөсөн. 

-Монголын зах зээлд Японы компаниуд ажиллах боломжийн талаар та юу хэлэх вэ?

- Монгол Улсад Хятад, Солонгосын компаниуд үйл ажиллагаагаа нэлээн тэлжээ.  Яг үнэндээ Японы компаниуд дээрх улсын компаниудтай өрсөлдөх боломж сул байна. Газарзүйн  байршлын хувьд Хятадын компаниудад давуу тал бий. Түүнчлэн Японы бараа бүтээгдэхүүн чанартай стандарт хангадаг гэдгийг дэлхий нийт мэднэ. Энэ хэрээрээ манай бүтээгдэхүүн бусад орнуудын бараанаас өндөр үнэтэй тусч байгаа нь судалгаагаар ажиглагдсан.  Японы бизнес эрхлэгчдийн хувьд  Монголд бизнес хийхэд тээврийн зардал хэт өндөр  юм.  Японоос /40ft/ чингэлэг бүхий бүтээгдэхүүн импортлоход нь 4,100 ам.доллар байгаа бол Япон руу экспортлоход 5,300 ам.доллар болох жишээтэй. Энэ нь Монгол Улсын тээврийн дэд бүтэц хөгжөөгүйтэй холбоотой. Мөн бизнес эрхлэгчидтэй уулзаад явж байхад Монгол оронд түнш байгууллага олоход хүндрэлтэй  гэж хэлдэг. Мэдээллийн дутмаг байдлаас болж тухайн компанийн өр зээлийн мэдээлэл олддоггүй. Монголын бизнесийн орчны талаар хууль тогтоомж нь албан ёсны англи хэл дээрх орчуулгагүй байгааг хэлж байсан.

-Төрийн бодлого өөрчлөгдөж буй нь хөрөнгө оруулалтын орчинд нөлөөлж байна гэж та дээр хэллээ. Энэ тухайд?

-Чөлөөт зах зээлийн зарчим бол ямар нэгэн хүндрэлийг үүсгэх ёсгүй.  Гэтэл Монголын бизнес эрхлэгчид зөвшөөрөл авахын тулд маш олон шат дамжлагыг дамжиж хүндрэлтэй нүүр тулдаг гэдгээ хэлж байсан. Тухайлбал зөвшөөрөл авах үйл ажиллагаа нь ойлгомжгүй байна. Мөн “хуулийн засаглал” хангалттай хөгжөөгүй. Төрийн байгууллагын бүтэц бодлого болон хууль эрхзүйн орчин ойр ойрхон өөрчлөгдөж буй нь хөрөнгө оруулалтыг хойш  татах нэг хөшүүрэг юм. 

-Монгол Улсын  Хөрөнгө оруулалтын орчны талаар та юу хэлэх вэ?

-Монгол Улсын хувьд 2012 оноос хойш уул уурхай, тээвэр, санхүүгийн салбар дахь хөрөнгө оруулалт огцом буурсан.  Тээвэр, гааль, эрчим хүчний асуудлууд тулгамдсан  хэвээр байна. Уул уурхайн бүтээгдэхүүн үндсэн экспортыг бүрдүүлж байгаа. Монголын экспортлогч гол орон нь БНХАУ. Тус улс нийт экспортын 84 хувийг эзэлж байна. Импортын хувьд ОХУ, БНХАУ голлох байр суурьтай хэвээр байна.

-Судалгаагаар хөдөлмөрийн зах зээлийн талаар судалсан гэсэн. Дундаж цалингийн жишгийг дэлхий нийттэй харьцуулбал?

 -Хөдөлмөрийн зах зээлийн хувьд зардал тийм ч бага биш юм. Менежерүүдийн дундаж цалин 1,231 ам.доллар байгаа нь бусад Азийн орнуудаас тийм ч бага биш байна. Харин албан байгууллагуудын эрчим хүчний үнэ кв.ц тутамдаа 0.11 ам.доллар байгаа нь өндөр юм.

-Монголын эдийн засгийн гол хүчин зүйл нь  хөдөө аж ахуй, уул уурхайн салбар. Эдгээр салбаруудын хөгжлийн талаар та юу хэлэх вэ?

-Уул уурхайн салбарын хувьд зэс, нүүрсний зах зээл тэлж, үнэ өсөхийн хэрээр  гадаад худалдааны тэнцлийг  сайжруулахад том алхам болно гэж харж байна. Мөн Монгол Улс тээврийн дэд бүтцээ зөв хөгжүүлбэл өртөг огцом буурч, олон улсад өрсөлдөх чадвар нэмэгдэнэ.

Хөдөө аж ахуй хүнсний үйлдвэрлэлийн чиглэлд Монгол Улс буудай болон төмсний хэрэглээгээ бүрэн хангах боломжтой. Ургацын хэмжээ, бүтээмжийг нэмэгдүүлэхийн тулд орчин үеийн технологи, тоног төхөөрөмж нэвтрүүлэх шаардлагатай. Өвлийн улиралд хүнсний ногоо, жимсний импортоос хамааралтай тул  хүнс хадгалах “Freeze dry”,  “Power dry” технологийг нэвтрүүлэх хэрэгтэй юм.

Харин мал аж ахуйн хувьд гадаад, дотоодын борлуулалтын зах зээлээ тэлэх нь чухал. Тухайлбал дотоодын хүнсний бүтээгдэхүүний борлуулалтын тогтолцоог шинэчлэх, экспортыг нэмэгдүүлэхэд үйлдвэрлэлийн шат дамжлагын  эрүүл ахуйн хяналт "НАССР" сертификат болон хяналтын байгууллагуудын тогтолцоог сайжруулах шаардлагатай гэж үзэж байна.
 

 

Б.Заяа

Гэрэл зургийг Н.Батбаяр

 

Холбоотой мэдээ