“Мөсний баяр” 18 дахь жилдээ болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2017-01-18 22:51:53

Хөвсгөл аймагт өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, Хөвсгөл нуураа хамгаалах, гадаад дотоодын жуулчдыг татан оролцуулах зорилгоор анх 2000 онд “Мөсний баяр”-ыг зохион байгуулж байжээ. Энэ жил Хатгал тосгоны Доод модот буланд “Хөх сувд 2017” олон улсын мөсний баяр ирэх 3-р сарын 3, 4-ий өдрүүдэд 18 дахь жилдээ зохион байгуулагдана.

Мөсний баярыг 2002 оноос аймгийн чанартай болгон өргөжүүлсэн бол 2014 оноос Хөвсгөл аялал жуулчлалын холбоо олон улсын болгон зохион байгуулж байна.

Энэ баяраар морин чаргатай парад, тэшүүрчдийн парад, нохой чарганы парад, чаргатай морьдын уралдаан, бөөгийн зан үйлтэй танилцах галын наадам, жуулчдад зориулсан хөгжөөнт тэмцээн, мөсний сур харвааны тэмцээн, тэшүүрийн тэмцээн, мөсөн дээрх сумо барилдаан зэрэг тэмцээн наадам явагдана.

Мөн ирсэн зочид мөсөн гэрт зочилж, Хөвсгөл далайн тунгалаг мөсөөр морин чаргаар аялах, тэшүүрээр гулгах, мөсөн урлан бүтээх уралдаанд оролцох боломжтой ажээ.

Мөсний баярыг зорин ирдэг гадаад дотоодын жуулчдын тоо жилээс жилд нэмэгдсээр байгаа бөгөөд өнгөрсөн жилийн баярт 1200 орчим тээврийн хэрэгсэл, 70 гаруй гар урлалын худалдаа эрхлэгч, гадаадын 50 гаруй жуулчин нийт 8000 гаруй иргэд оролцсон ажээ.

Б.Гантуяа  

 

 

Холбоотой мэдээ