Морь унаач хүүхдүүдийн эрхийг хамгаалсан захирамж гаргав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2017-01-25 00:03:27

Завхан аймгийн Засаг дарга жил бүрийн өвөл хаврын морин уралдааныг хориглох, хүүхдийн эрхийг хангах захирамж гаргажээ.

Захирамжид өвөл хаврын улиралд бооцоот морины уралдаан, үсэргээ, сунгаа зохион байгуулах зөвшөөрөл олгохгүй байх, жил бүрийн 11 сарын 01-ний өдрөөс 05 дугаар сарын 01-ны өдөр хүртэлх хугацаанд морины уралдааныг зохион байгуулахгүй байх, хүүхдийн эрхийн тухай хуулийг хэрэгжүүлж ажиллахыг аймгийн Морин спорт, уяачдын холбоо,  сумдын Засаг дарга, Хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн нарт тус тус даалгажээ. Захирамжийн биелэлтэд хяналт тавьж ажиллах, хүүхдийн эрхийг хамгаалах болон, бусад хууль зөрчигч нарт хариуцлага тооцож ажиллахыг үүрэг болгожээ.

Дашрамд Завхан аймаг 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүдийг бууруулах зорилт тавин ажиллаж буй. Билгийн тооллын хаврын эхэн сард зохион байгуулдаг хурдан морины уралдаан нь цаг агаарын тааламжгүй нөхцөлийн улмаас хүүхдийн аюулгүй байдлыг бүрэн хангаж чадахгүй байгаа юм. Мөстэй, хальтиргаатай зам дээр морь хальтрах, унаач хүүхэд осгох, хөлдөх, улмаар нүд, амьсгалын замын өвчлөлд өртөх эрсдэл нэмэгддэг байна. Тиймээс Завхан аймгийн 1100 гаруй унаач хүүхдийн эрхийг ханган ажиллах нь зүйн хэрэг юм.

Б.Мягмарсүрэн 

Холбоотой мэдээ