Завхан аймаг архи худалдан борлуулдаг дэлгүүрүүдээ цөөлнө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2017-01-28 15:07:07

Завхан аймаг архи худалдан борлуулдаг үйлчилгээний газруудаа цөөлж байна.

Энэ сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод архи согтууруулах ундаанаас хамааралтайгаар таван хүний амь нас эрсдсэнтэй холбоотойгоор Завханы ОБГазар, Цагдаагийн газар өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллажээ. Өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллах хугацаандаа архи согтууруулах ундаа, хүнсний бүтээгдэхүүн дээр тавих хяналт шалгалтыг чангатгах, ялангуяа хямд үнэтэй архины борлуулалтанд илүү анхаарч ажилласан байна. Түүнчлэн аймгийн МХГазраас архины зөвшөөрөлтэй цэгүүдийн тоог цөөлөх саналыг аймгийн ЗДТГ-т ирүүлжээ.

Энэ саналын хүрээнд архи согтууруулах ундаа борлуулах цэгүүдийн архи худалдан борлуулах зөвшөөрлийг гурав хоног түдгэлзүүлж 160 гаруй зөвшөөрлийг дахин олгож, 180-аад байгууллагын зөвшөөрлийг цуцалсан байна. Цаашид зөвхөн архи согтууруулах ундаанаас гадна хүнсний бүтээгдэхүүний чанарт тавих хяналт шалгалтыг өмнөх арга барилаасаа эрс өөрчилж зохион байгуулахыг МХГ, Цагдаагийн газар болон бусад холбогдох байгууллагуудад аймгийн Засаг дарга үүрэг болголоо.

Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ