Өрхийн эргэлтээр давхардсан тоогоор 1500-аад хүүхэд үзжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВТомуу томуу төст өвсний дэгдэлт их байгаатай холбогдуулан он гарсаар Өрхийн эрүүл мэндийн төвөөс 0-5 насны хүүхдүүдийн гэрийн эргэлтээр тогтмол явж эхэлсэн. Зуунмод сумын хэмжээнд 2000-аад 0-5 насны хүүхэд байдаг бөгөөд өрхийн эрүүл мэндийн төвөөс энэ сарын эхний 20 хоногийн байдлаар хөдөлгөөнт хүн ам болон өрхөөсөө давхардсан тоогоор 1491 хүүхдийг гэрийн эргэлтээр үзсэн байна.
Тэднээс 395 томуу томуу төст өвчний шинжтэй хүүхэд байгаагаас 30 хүүхэд хатгалгаагаар өвчилсөн оноштой гарчээ. Харин тэднээс 18 хүүхдийг аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн байна. Мөн Энэ долоо хоногт түргэн тусламжаар ирсэн хүүхдүүдийн дуудлага багассан гэдгийг аймгийн Нэгдсэн эмнэлгийн Чанарын албанаас мэдээллээ. Амбулаторийн үзлэг энэ сарын эхэн үед 2371 байсан бол энэ сарын 2 дах 7 хоногоос буурч 1371 болсон байна.
Түүнчлэн одоогоор 0-5 насны хүүхдүүдийн өвчлөл буурч 5-10 насны хүүхдүүдийн өвчлөл нэмэгдэх хандлагатай байгаа өрхийн эмч нарын зүгээс хэлж байлаа. Тиймээс сургууль цэцэрлэгийн үйл ажиллагаа түр зогссонтой холбогдуулан эцэг эхчүүдэд хандан үр хүүхдээ байнгын асарч сувилан дулаан хувцаслаж амин дэмээр баялаг хоол хүнс хэрэглүүлэхийг Зуунмод сумын ӨЭМТ-ийн их эмч Д.Бадралгомбо анхааруулж байсан юм.
Т.Есүхэйтөмөр