Сэлэнгэ, Дархан-Уул аймаг "Багш солилцоо" хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭСэлэнгэ, Дархан-Уул аймгийн ЕБС-ийн хими, биологийн багш нарын дунд "Багш солилцоо" хөтөлбөр 01-р сарын 30-наас 2-р сарын 6 хүртэл 7 хоногийн хугацаатай хэрэгжиж эхэллээ.
Энэхүү багш солилцоо хөтөлбөрийн хүрээнд Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн химийн багш БТА.С.Баярсайхан Дархан-Уул аймгийн “Оюуны ирээдүй” цогцолбор сургуульд, Дархан-Уул аймгийн “Оюуны ирээдүй” цогцолбор сургуулийн химийн багш Ц.Батцацрал Цагааннуур сумын сургуульд солигдон ажиллаж байгаа аж.
Цагааннуур сумын сургуульд ажиллаж байгаа Ц.Батцацрал багш анхныхаа хичээлийг тус сургуулийн 7б ангид оржээ. Тэрээр "Урвал явагдсаныг индикатораар шалгах" сэдвээр үзүүлэх хичээл заасан байна. Хичээлд 7б ангийн эцэг эхийн төлөөлөл болон дунд, ахлах ангийн багш нар сууж, хэлэлцүүлэг зохион байгуулж, харилцан саналаа солилцсон аж.
Энэхүү багш солилцоо хөтөлбөр нь суурь, бүрэн дунд боловсролын хими, биологийн цөм хөтөлбөрийн арга зүйг түгээн дэлгэрүүлэх, бусдаас суралцах, туршлагаа солилцоход ихээхэн нөлөө өгч байгаа гэнэ. Түүнчлэн багшийн хөгжлийг дэмжин ажиллахад чухал ач холбогдолтой, үр дүнтэй ажил болж байгаа юм байна.
Ч.Отгонцэцэг