С.Эрдэнэ: Засгийн газрын 200 дахь хоногт тавьсан дүнгээ нийтэд зарлана

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2017-02-06 13:32:47

УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр Төрийн ордонд ээлжит хуралдаанаа хийж, нийт 6 асуудал хэлэлцэв.

 Эрүү болон Зөрчлийн хуульд нэмэлт өөрчлөлт орох гэж буйтай холбогдуулж Хууль зүй, дотоод хэргийн яамны удирдлагууд болон мэргэжлийн хүмүүсээс тайлбар авчээ. 

Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн төслийг авч хэлэлцсэн бөгөөд Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбоотой мэдээлэл авах байсан ч түр хойшлуулав.

Мөн Засгийн газрын 200 дахь хоногийн үр дүнг ярилцснаас гадна УИХ-ын гишүүн асан Л.Гансүхээс ирүүлсэн хүсэлтийг авч хэлэлцжээ.

Бүлгийн дарга С.Эрдэнэ эдгээр асуудлуудыг задалж нэгбүрчлэн мэдээлэл өгсөн.

Тэрбээр, “Эрүү, Зөрчлийн хууль нь 2015 онд батлагдсан. Ирэх 7 дугаар сард хэрэгжих ч Засгийн газар нэмэлт өөрчлөлт оруулахаар болжээ. Иймээс юуны учир яагаад эдгээр хуулинд өөрчлөлт оруулах болов гэдэг дээр тайлбар авлаа. Хуулийн үндсэн үзэл санаанд өөрчлөлт орохгүй. Зарим засвар өөрчлөлт орно. Хэрэгжих боломжгүй заалтууд байна, ялангуяа Эрүүгийн хуулинд долоо хоног түүнээс дээш хоног хорино гэж тогтоосон нь хорих байруудыг нэмэх шалтгаан болж байгаа тул хуулинд өөрчлөлт оруулах шаардлага үүссэн хэмээн ярьж байна. Тиймээс тэдгээр хуулинд ямар өөрчлөлт орж буй нийгэмд мэдээлж, олон нийтийг хамруулсан хэлэлцүүлэг зохион байгуулахыг санал болгосон гэв.

Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн төслийг УИХ энэ долоо хоногт хэлэлцэх асуудлын жагсаалтад тусгаагүй. Гэхдээ тус бүлэг уг хуулийг авч хэлэлцээд МАН эрх барих хугацаандаа төрийн албаны бүх түвшинд давхар дээлтнүүдийг төрүүлэх гэж байгаа тул дэмжихгүй гэдэгт байр суурьд  нэгдсэн. Түүнчлэн Засгийн газрын 200 дахь хоногийн дүнг ирэх долоо хоногт дахин авч хэлэлцээд, олон нийтэд албан ёсны мэдээлэл тайлбар хийх нь зүйтэй хэмээн үзжээ. Тэд Засгийн газар хангалттай сайн ажиллахгүй байна. Сүүлийн нэг, хоёр өдрөөс харахад, бензиний үнэ 100-200 төгрөгөөр нэмэгдсэнийг нэрлэж болно гэлээ. 

УИХ-ын гишүүн асан Л.Гансүх өмгөөлөгчөөрөө дамжуулан тус бүлэгт захидал ирүүлсэн аж.  Энэ тухайд С.Эрдэнэ, "Уг захидалд Л.Гансүхийн хоригдох хугацаа дууссан, өр төлбөрөө барагдуулсан, гурван удаа прокурорт хандсан ч хоёр удаа буцсан. Гэр бүлийн хүн нь хүнд өвчтэй байгаа зэрэг олон шалтгааныг дурджээ. Бид бүлэг дээр ярилцаад бүлгийн гишүүд УИХ-ын гишүүнийхээ хувиар гарын үсэг зурж Улсын Ерөнхий прокурорт хүсэлт хүргүүлэх шийдвэр гаргалаа. Бүлэг улс төрийн албан ёсны байр сууриа одоогоор илэрхийлэх боломжгүй гэж үзсэн учир гишүүдийнхээ хувиар Ерөнхий прокурорт хандахаар боллоо” хэмээв.

Б.Туул

Холбоотой мэдээ