Иргэн, өрх бүр угийн бичгээ хөтөлвөл цус ойртох аюулаас ангжирч чадна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ"Монгол Улсад 60 мянга орчим цус ойртсон байж болзошгүй иргэд бий гэсэн албан бус мэдээлэл байдаг. Энэ мэт олон сөрөг үр дагавар бий болох аюулаас урьдчилан сэргийлэхэд цөөхөн монголчууд ураг удмын бичгээ нарийн сайн хөтөлж өвлүүлэх нь өнөө үеийн иргэн бүрийн эрхэм ариун үүрэг болоод байна" хэмээн Өнөөдөр Монголын Хүүхдийн ордны Бага танхимд болсон "Монголын ураг удам уламжлалын холбоо"-ны Үндэсний анхдугаар зөвлөлгөөний үеэр УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан онцлов.
Хоёр өдөр үргэлжлэх тус зөвлөлгөөнийг "Монголын ураг удам уламжлалын холбоо”-той хамтран Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар /ГБХЗХГ- аас зохион байгуулж байгаа юм.
Тус холбооны 21 аймаг, есөн дүүргийн салбар хороо, ГБХЗХГ-ын орон нутгийн салбар нэгжийн төлөөлөл болон зочдоос бүрдсэн 110 орчим төлөөлөгч тус зөвлөлгөөнд хүрэлцэн иржээ. Зөвлөлгөөний эхэнд Төрийн дууллаа эгшиглүүлж, Эзэн Богд Чингис хааны есөн сануулгыг оролцогчид нэгэн дуугаар уншиж, Чингис хааны хөрөгт хүндэтгэл үзүүлэв.
Анхдугаар зөвлөлгөөнийг нээж ГБХЗХГ-ын дарга Б.Халиун, "Монголын ураг удам уламжлын холбоо” ТББ-ын тэргүүн Ж.Түдэвдорж, ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл, УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан нар тус тус үг хэлж, оролцогчдод амжилт хүслээ.
Үүний дараа “Монголын ураг удам уламжлалын холбоо” ТББ-ын сүүлийн дөрвөн жилд хийсэн ажлын тайлан, үр дүнг уг холбооны тэргүүн Ж.Түдэвдорж танилцуулсан юм. Монголын ураг удам уламжлалын талаар судалдаг судлаач, эрдэмтэд ч уг зөвлөлгөөнд оролцож санал бодлоо солилцож байна.
Дашрамд дуулгахад, "Монгол хүн өөрийн эцгийн эцэг эх, эхийн эцэг эх гэсэн дөрвөн баганаар тус бүр дээш есөн үеэ бүрэн мэддэг байх ёстой. Хүн аав, ээжтэйгээ удмын сангийнхаа 50, 50 хувиар хамаатай буюу энгийнээр хэлбэл, биеэр нь аавын цусны 50, ээжийн цусны 50 хувь эргэж байдаг. Улмаар өвөө, эмээгийн цусны 25, 25 хувь гэх мэт хоёр дахин багасч дээш явсаар ес дэх үе дээр удмын сангийн холбоо 0.19 хувь болдог. Харин 10 дахь үеийн өвөг дээдэстэйгээ удмын сангийн хувьд бараг хамаагүй, харь элгийн хүмүүс болж хувирдаг. Энэ бол “Есөн үеийн дотор ураг холбохыг цээрлэнэ” гэдэг Монгол ёс заншлын шинжлэх ухааны үндэслэл нь юм.
Иймээс дөрвөн баганаар дээш есөн үеэ бүрэн мэддэггүй бол уугуул баг, сум, аймгаас цаашлаад хил залгаа байрлалтай өөр аймгийн сум, багаас хань ижлээ сонгохгүй байхыг эрхэмлэх учиртай. Засгийн газрын тогтоол 1997 онд гарч Монгол хүн овгоо сэргээж эхлэсэн. Овог гэдэг цусан төрлийн нэг язгуурт хүмүүсийн нэгдэл юм. Харин өнөөдөр монголчуудын 80 гаруй хувь нь Боржигон овогтон болсон төдийгүй төрсөн ах, дүү хоёр өөр овогтой болсон байх тохиолдол байна. Иймд овгоор баримжаалж цус ойртолтоос хамгаалах нь тийм ч төгс арга биш юм.
Цус ойртолтыг сүүдэр мэт дагаж явдаг нэг зүйл бол оюуны хомсдол, оюуны хөгжлийн саатал байдаг. Амьгүй төрөлт, зулбалт их болж байгаа нь ч цус ойртолтын илрэл. Цус ойртвол хүний биеийн эсэргүүцэл дархлаа суларч, ямар нэгэн өвчнийг эсэргүүцэх хувь хүний чадавхи доройтдог. Энэ мэт сөрөг үр дагавар гарч байдгийг хүний генетикийн шинжлэх ухаан нэгэнт нотолсон. Цус ойртолтын аюулаас ангижрах нь зөвхөн биднээс хамаарах асуудал. Үүнийг гаднаас зээл тусламж аваад шийднэ гэж байхгүй. Эн тэргүүнд Монгол Улсын иргэн, өрх бүр угийн бичгээ хөтөлж эхлэх хэрэгтэй байна.
Д.Өлзий